Х.МАНДАХБАЯР: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай

Х.МАНДАХБАЯР: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн /МСНЭ/ удирдлагыг сонгох сонгууль яг нэг жилийн өмнө дуулиан дунд болж өнгөрсөн юм. Тэр өрсөлдөөн дундаас МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Мандахбаярын үзэл бодлыг хуваалцлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийж амжуулав, цаашид ямар бодлого төлөвлөгөөтэй ажиллах талаар нь дэлгэрэнгүй ярилцлаа.

-Та энэ салбарынхаа эрэг шурга бүрээр нь оролдож үзсэн хүн гэж жилийн өмнө өгсөн ярилцлагадаа өөрийгөө тодотгож байжээ. Энэ нэг жилийн хугацаанд ажиглаж байхад Таныг засварчнаар төсөөлбөл машины эрэг шурга, эд анги бүртэй гайгүй сайн ноцолдох шиг харагдлаа. Цаашид хийх, хийхгүй ажлаа ялгаж, салгахын тулд ингэх хэрэгтэй байсан юм болов уу?

-Мөрийн хөтөлбөрийнхөө дөрвөн зорилтыг жигд эхлүүлэх гэж хичээлээ. Нэг жил нөхөдтэйгөө нийлээд амралтгүй зүтгэлээ. Нэг жил байтугай, нэг бүрэн эрхийн хугацаанд ч ярьсан, зорьсон зүйлс маань бүрэн амжихгүй байж магадгүй. Гэхдээ заримыг нь хойш тавья гэж бодолгүй ямартай ч бүгдийг нь нэг жилд багтаагаад суурийг нь маш зөв тавихыг зорьсон. Аливаа ажлын суурийг зөв тавьчихвал аяндаа хөгжөөд дэвжээд явчихдаг шүү дээ. Анхаарлаа үүн дээр л илүү төвлөрүүллээ. Тийм ч учраас салбарынхаа хамгийн том арга хэмжээ болох“Ган үзэг” наадам дээр би “Олон ажлыг эхлүүлсэн, үндэс суурийг нь тавьсан он байлаа” гэж хэлсэн. Өнгөрсөн жил үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ой тохиосон. Уг ойг тохиолдуулан бүтээлч ажлын жагсаалт гаргаж, нэг ч ажлыг орхигдуулалгүй гүйцэтгэсэн. Харин ч төлөвлөсөн дээрээ 20-30 хувь нэмж ажилласан байна. Удирдах зөвлөл, ажлын албатайгаа нэг цул болж, хамтран ажиллаж чадсанучраас учраас энэ бүх ажлын ард нь гарсан.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн менежер байх, салбарын менежер байх хоёрт хэр ялгаа байна вэ. Хувь хүн талаасаа танд ямар өөрчлөлт, юу анзаарагдсан бол?

-Би гэдэг хувь хүнийхээ хувьд ч, нийгэмд орших бие хүнийхээ хувьд ч амьдралын цоо шинэ үе эхэлж байгаа юм шиг тийм гоё эрч хүч, мэдрэмжээр дүүрэн нэг жилийг өнгөрүүллээ. Миний хувьд 22 жил хэвлэлийн салбарт ажиллаж байна. Үүнээс2013-2017 оны хооронд таван жил хувийн бизнесийн хажуугаар улс төрийн ажил хийсэн. Тэгээд улстөрийн морио уяан дээр орхиод унаган салбарынхаа ажилд ханцуй шамлан орсон. Нэг жилийн дараа харахад би зөв сонголт хийсэн байна. Үнэндээ би ямар нэгэн ашиг хонжоо хайж, эсвэл илүү карьер хөөж МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшээгүй. Сэтгэл зүрхний дуудлагаар, хэдэн нөхдийн ятгалгаар л яваад орчихсон. Оножээ гэдгийг одоо харж байна. Оносон гэхэд ч багадна. Миний зорилго тодорхой, амбици тодорхой, тэмүүлж хүрэх тэр нэг цэг ч тодорч харагдаж байгаа. Би өөртөө илүү их итгэлтэй ажиллаж байна. Надад идэвхтэй амьдралын 25 жил үлджээ гэж бодоход би өөрийгөө цоо шинээр нээж байгаа. Одоо би 41 настай. Нийгэм дэх ухамсарт амьдралынхаа хувьд тэхий голд нь зогсож байна. Урагшлах зам урт, хийх ажил их байна гэх үү дээ.

-Том үүрэг, хариуцлага хүлээсний дараа энэ салбарт МСНЭ-д очихдоо хийнэ гэж зорьж төсөөлж байснаас юу өөр байсан бэ?

-МСНЭ гэдэг 68 жилийн түүхтэй эцэг байгууллагын удирдлага, бодлогыг хэрэгжүүлээд эхлэхэд байдал арай өөр. Бахархалтай сайхан зүйлүүд их байна. Агуу Лодонгийн Түдэв, Цэндийн Намсрай, Цэдэндоржийн Дашдондов гээд эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, нэрт сэтгүүлчдийн хийж явсан үйл хэргийг үргэлжлүүлж байна гэж бодохоор том хариуцлага ирдэг юм байна. Тэдний бичиж үлдээсэн түүхийн жим дээр хуудас нэмэх гэж байгаа учраас болгоомжлол, хариуцлага илүү нэмэгдэнэ. Энэ байгууллагыг өнөө хүртэл удирдаж ирсэн үе үеийн 14 эрхэм хүмүүний хойч үеийнхний урмыг хугалах вий дээ гэж өөрийн эрхгүй бодогдоно. Үүний зэрэгцээ ажлын талбар дунд явж байхад гаднаас харагдахгүй зүйлс тодорч эхэлдэг юм байна. МСНЭ хэмээх энэ том байгууллагын нийгэмд эзлэх байр суурь асар өргөн боловч салбартаа хүлээн зөвшөөрөгдөх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан маань өөрсдөө хүрээлж ажиллах ухамсар, тэднийг нэгтгэн зангидах хэв шинж ер нь бүдэг болсон байна.


МАНАЙ САЛБАРААС ТЭМДГИЙГ НЬ ЗҮҮГЭЭГҮЙ Ч ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТӨРЧИХСӨН ГЭЖ БОДДОГ
 

-Энэ нь юутай холбоотой юм бол. Магадгүй МСНЭ-ийн гүйцэтгэх үүрэг нь төдий хэр бүдэг учраас ийм үл онцлох хандлага бий болчихсон юм уу?

-Энэ байдлыг хувь хүмүүсийн үйл ажиллагаатай холбож тайлбарлах боломжгүй гэдгийг юуны өмнө хариуцлагатай хэлье. Бүх цаг үед бүх удирдлагууд өөрсдийн түүхэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Манай салбар нийгмийн өмнө хоёр үндсэн үүргийг хэрэгжүүлж ирсэ нгэхэд болно. Нэг нь шударга ёс тогтоох, нөгөө нь соён гэгээрүүлэх. Өмнөх нийгэмд сэтгүүлзүй нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ маш гарамгай биелүүлж ирсэн бол 1990 оноос хойш шударга ёс тогтоохын төлөө манай салбар чадах хэрээрээ л ажиллаж ирлээ. Ардчилсан нийгэмд хөл тавьсны дараагаас Ц.Дашдондов гуай чөлөөт хэвлэлийг Монгол улсад нутагшуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн. Олон улсын тавцанд Монголыг ойлгуулах, Олон улсын сэтгүүлчдийн холбоонд элсүүлэх, чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн үзэл баримтлалыг энэ салбарт шинээр суулгах, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх энэ бүх ажлыг Ц.Дашдондов гуай манлайлан хийсэн. Өмнөх тоталитар нийгэмд хэвлэлийн том лидер байсан, коммунист дэглэмийн үеийн сэтгүүлзүйн байгууллагын нарийн бичгийн дарга байсан мөртлөө ямар гайхамшигтайгаар тэр бүхнийг мэдэрч, өнөөдөр ардчилсан Монгол Улсын чөлөөт хэвлэл, ардчилсан сэтгүүлзүйг бий болгов оо? Үүнийг Монголын төр засгийн хэн нэг зүтгэлтэн, төрийн удирдлагууд хийчихээгүй юм. 1992 онд баталсан Үндсэн хуульд иргэд хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байна гэж заасан нь чухал. Гэхдээ тэр үзэл санааг дөнгөж Үндсэн хуульд тусгах төдийхнөөр хаячихсан бол өнөөдрийн чөлөөт хэвлэл байхгүй ч байж болно. Тэгэхээр ухамсарт амьдралынхаа 50 жилийг Ц.Дашдондов гуай сэтгүүлзүйд зориулахдаа сүүлийн 28 жилийг чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд үрсэн. Өөрөөр хэлбэл, Монголын ардчиллын жинхэнэ баталгаа, суурь үнэт зүйлийг хөгжүүлэхэд өөрийгөө зориулсан хүн. Монголын ардчиллын түүхэнд асар том зүйл хийсэн байгаа биз?! Үүнийг салбарынхан төдийгүй төр засаг ч үнэлэх учиртай гавьяа. Энэ хүний бүх насаараа хийсэн хөдөлмөр шүү дээ. Ер нь манай салбараас тэмдгийг нь зүүгээгүй ч хөдөлмөрийн баатар төрчихсөн гэж боддог шүү. Дараагийн жишээг Б.Галаарид ерөнхийлөгч дээр ярья л даа. Маш хүнд үед маш сайн ажилласан. Сэтгүүлзүйн хараат бус байдал, сэтгүүлчдийн чөлөөт байдлыг хамгаалахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Магадгүй сэтгүүлчдийн байгууллагыг улстөрчдөөс хараат бус, улс төрийн намаас хараат бус байлгах гээд хэт төвийг сахиж, салбарын тулгамдсан асуудлуудаа шийдүүлж чадаагүй байх. МСНЭ гэдэг байгууллагын хараат бус байдлыг хадгалж, хэвлэ мэдээллийн салбарын хараат бус зарчим дээр хатуу зогссоноороо бидэнд маш том өвийг үлдээсэн. Харин миний хувьд энэ байгууллага хүчгүй байгаагийн үндэс нь гурван зүйлд байгаа дүгнэж байгаа.

-Хүчгүй байгаагийн шалтгаан нь удирдлагадаа биш. Тэгвэл үндсэн гурван шалтгааныг та юу гэж нэрлэх нь сонин байна?

-Нэгдүгээрт, бидэнд тоглоомын дүрэм байхгүй. Энэ нийгэмд оролцогч талууд тэр чигтээ тоглоомын дүрмээ 28 жилийн турш зураад ирсэн боловч МСНЭ-ийн ажиллах орчин, Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын эрхзүйн орчин бүрдээгүй. Бидэнд 68 жилийн түүх, үүнд итгэж зүтгэж ирсэн үе үеийн сэтгүүлчдийн зүрх сэтгэл, оюун тархинд байдаг үнэт зүйл л байна. Түүнээс биш эрх зүйн орчин байхгүй. Энэ зүйл байхгүй учраас хүчгүй байгаа юм. Нөгөө талаас сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнх нь эсрэг янз бүрийн нөхцөл байдлыг бий болгосон. Үзэл бодол сөргөлдүүлэх, мэргэжлийн төв байгууллага биш гэх суртал ухуулга, улстөрийн зорилгоор талцуулах байдал. МСНЭ-ийн гишүүн байснаараа юу шийдэх юм бэ гэдэг нэхэл дагал, үе үеийн удирдлага руу нь дайрч доромжилдог зан авир гээд олон зүйлийг дурдаж болохоор байна.

Хоёрдугаар шалтгаан бол санхүү. Санхүүгийн хараат бус байдал бол энэ салбарын өөрийнх нь хараат бус байдал. Энэ байгууллагын хараат бус байдал. Тэгэхээр санхүүжилтгүйгээс болоод энэ байгууллага өөрөө хэвлэлийн эрх чөлөөний төлөө, хараат бус сэтгүүлзүйн төлөө эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаа явуулах боломж хомс юм байна. Хэн мөнгө олж байна, хэний хэтэвчинд мөнгө байна түүний төлөө асуудал шийдэгдэж байдаг зах зээлийн нийгэм шүү дээ. Хэн ч бай МСНЭ-ийг удирдаад олон нийтийн үйл ажиллагаа явуулахдаа энэ байгууллагын санхүүгээс хараат байх ёстой. Өөрийн үзэмжээр биш энэ байгууллагын эрх ашиг, соёл уламжлал, ирээдүйн зорилгын төлөө олон нийтийн хөрөнгийг зөв зарцуулахын төлөө толгойгоо гашилгадаг тийм л дарга удирдлага байх ёстой. Байдал удахгүй өөр болно. Шийдэл харагдаж байгаа.

Гурав дахь шалтгаан гэвэл бид бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Манай салбарынхан нэгдмэл биш. Наян зүгт хараад суучихсан хүмүүс энэ салбарыг яаж хөгжүүлэх юм бэ. Эвлэлийн дүрэм нь хүртэл нэгдмэл биш байхаас аргагүй тийм гажуудалтай явж ирсэн. Надаас өмнө мөрдөж байсан дүрмэнд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд нь бүгдээрээ Их хурлаасаа сонгогддог байсан. Тэгээд тайлангаа тавь гэхээр чи бид хоёр адилхан Их хурлаас сонгогдсон албан тушаалтан байж нэгнээсээ тайлан шаардахгүй шүү. Би Их хуралдаа тайлан тавина аа гэж Ерөнхийлөгчдөө хэлдэг. Иймэрхүү бүтцийн алдаанаас болоод салбарын нэгдмэл байдал алдагдсан байж. Сая Б.Галаарид ерөнхийлөгч ажлаа өгөхдөө энэ алдааг засаад явсан. Дүрмээ өөрчлөөд, их хурлаараа батлуулаад явсан даа. Шинэ дүрмээр их хурлаасаа Ерөнхийлөгч, Бага хурлын 61 гишүүн, Хяналтын зөвлөлийн долоон гишүүнтэйгээ сонгогдож байгаа. Тэгээд Бага хурлаасаа Удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгч нар нь сонгогдож байгаа. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч сэтгүүлчдийн байгууллагын хувьд хүчтэй албан тушаал болсон. Энэ нь магадгүй надад ташуур өгсөн байна. Би энэ албан тушаалын хүчийг гаргах ёстой. Хүн загнаад дарга хийгээд байх гэхээс илүүтэй зөв манлайлал үзүүлж, олон хүний хүчийг байгууллагадаа татаж, салбарын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх хөрс суурийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм.


САЛБАРЫН ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАЖ БАЙНА ГЭЭД ХӨГЖЛИЙН ГОЛЬДРОЛЫГ БУРУУ ЗАЛЖ БОЛОХГҮЙ
 

-Та салбарын нэгдмэл биш байдал МСНЭ-г хүчгүй байлгаж байна гэлээ. Нэгдэж, хамтарч чаддаггүй энэ байдал юунаас үүдэлтэй байж болох вэ? Жишээ нь өрсөлдөөн нөлөөлөх үү?

-Би МСНЭ-ийг онцолж хэлж байгаа шалтгаанаа тайлбарлая. Эхлээд би танаас нэг зүйл асууя. Та МСНЭ-ийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн төв байгууллага гэдэгтэй санал нийлэх үү?

-Нийлнэ ээ.

-Харамсалтай нь, ингэж асуухад манай салбарт хүртэл санал нийлэхгүй хүн байгаа. Санаатай, санамсаргүй янз бүрийн шалтгаанаар. Салбарын эв нэгдлийг ярихын тулд эхлээд мэргэжлийн төв байгууллагынхаа байр суурийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх явдал мөн биз дээ. Үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандаж болно, удирдлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй ч байж болно. Гэхдээ л МСНЭ бол 68 жилийн турш Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн төв байгууллагын үүргийг гүйцэтгэж ирсэн эцэг байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид эндээс эхлэх ёстой. Нэг дээвэр байгууллагатай байж, тэрийгээ хүрээлж дэмжиж байж хүчтэй байна шүү дээ. Хувааж, хэрчиж байгаа цагт хүч хуримтлагдахгүй ээ. Том эрх ашгаа харж, энэ салбарыг чин сэтгэлээсээ хөгжүүлье гэж зорьсон хүн бол хувийн амбицаа хойш тавьж чадна. Би энэ байдлыг нэг жишээгээр байнга тодотгож ярьдаг. Юу гэхээр бид асуудлыг хэт их өмчилдөг болчихож. Асуудлыг өмчлөөд тэврээд хэвтчихдэг. Хэнээр ч шийдүүлдэггүй. Хамтдаа шийдье гэхээр эвлэл шийдэхгүй ээ, энэ бол манай байгууллагын санаачилсан ажил аа гээд суучихдаг. За тэгвэл та нар шийд, би дэмжье гэхээр “Үгүй ээ, дангаараа шийднэ ээ” гээд гөжчихдөг. Тэгээд л нөгөө асуудлаа л хэдэн талаас нь яриад л байдаг. Асуудал ярих нь үндсэн ажил болчихож байгаа юм. Асуудлыг булаацалдаад өмчлөөд байхаар асуудал амь бөхтэй оршсоор байдаг. Жишээ нь ажилгүйдлийг шийдэхийн тулд ажлын байрыг бий болгоод хүмүүсийг ажилд оруулчихвал асуудал дуусна аа даа. Гэтэл ийм шийдэл гаргаж ирдэг, дэмждэг хүн манай салбарт маш цөөн. Зөрчлийн хууль гэхээр бүгд л ярина, шүүмжилнэ, бичнэ. Яг шийдье гэхээр санал нэгдэхгүй. Арай гэж нэгдсэн саналаа буцааж задалчих гээд тун ч төвөгтэй. Тэгээд хэн нэгнээсээ түрүүлж шийдэх гээд, эсвэл их мэдэх гээд уралдчихна. Эцэст нь ямар үр дүнд хүрч байна гэхээр “Та нар саналаа нэгтгэж чадахгүй байна шүү дээ. Бид шийдээд явлаа шүү” гээд улс төрчид бидний хувь заяаг шийдэхээс өөр аргагүй байдал руу бид өөрсдөө түлхээд байгаа юм. Энийг л больцгооё. Бүгдээрээ асуудлаа зоригтойхон шийдээд дуусгадаг хэв шинж рүү орцгооё.
 


-Таны хувьд, салбартаа ажиллаж байгаа бусад байгууллагуудаа хүлээн зөвшөөрч чадаж байгаа юу?

-Би энэ тал дээр суурь зарчмаа барьж ажиллах ёстой албан тушаалтан. Товчхондоо бол хүлээн зөвшөөрөх ёстой тийм хэмжээнд нь хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Би салбарын жинхэнэ эв нэгдлийг хангахын тулд болсон болоогүй бүх санаачилгыг хүлээн зөвшөөрөх албагүй гэж үздэг. Салбарын эв нэгдлийг хангаж байна гээд хөгжлийн гольдролыг буруу залж болохгүй. Заримдаа хатуу зарчим барьж ажиллахаас өөр аргагүй үе тохиолдож байна. Миний дэвшүүлж тавьж байгаа сэтгүүлзүйн салбарын бүтэц зохион байгуулалтын бүдүүвчийг та олж үзсэн болов уу. Сэтгүүлзүйн таван цагариг гэж.

-Таны фэйсбүүк хуудасны ковер зурган дээр байсан...

-Сэтгүүлзүйн салбарт таван үндсэн чиг үүрэг бүхий оролцогч талууд байна. 1.МСНЭ мэргэжлийн төв байгууллагын хувьд ерөнхий менежмент хийж, салбарынхаа хөгжлийн бодлого тодорхойлоход голчон ажиллах ёстой. Бусад байгууллагуудаа бодлогын хувьд нэгтгэж, дэмжиж ажиллахад анхаарах хэрэгтэй байгаа юм. 2.Хэвлэл мэдээллийн холбоод медиа бизнесийнхээ буюу эздийн эрх ашгийг хангаж ажиллах ёстой. 3.Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад дөрвөн жил боллоо. МСНЭ ёс зүйн кодоо хүртэл өгч салбарын өөрийн зохицуулалтын хэлбэр байх ёстой гэдэг утгаар анхнаасаа дэмжиж ажилласан. Миний бие ч энэ байр суурийг хэвээр хадгалж байгаа. 4.Хэдэн их дээд сургуулиуд маань сэтгүүлзүйн мэргэжлийн боловсролын зэргийн сургалтаа явуулж байна. Сургуулиудын хажуугаар сэтгүүлзүйн салбарт сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн хэдэн сайхан идэвхтэй үйл ажиллагаатай, туршлагатай төрийн бус байгууллагууд ажиллаж байна. 5.Одоо бидэнд сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл хэрэгтэй байна. Маш олон жил ярьсан боловч хийж чадаагүй. МСНЭ-ийн зүгээс үйлдвэрчний эвлэл байгуулах бүх санаачилгыг дэмжээд явна. Үйлдвэрчний эвлэл нь сэтгүүлчдийнхээ хөдөлмөрийн эрхийг хамгаалж ажиллах хэрэгтэй байна. Энэ том бүтцийнхээ хүрээнд гол гол байгууллагуудаа дэмжиж, хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа.

-Энэ дундаас Хэвлэл мэдээллийн зөвлөлийн талаар тодруулж асуумаар санагдлаа. Сэтгүүлзүйн салбарт хамгийн сүүлд байгуулагдсан. Та үйл ажиллагаанд нь ямар үнэлэлттэй явдаг вэ?

-Салбарын өөрийн зохицуулалт зайлшгүй. Нэг хэсэг МСНЭ дэргэдээ байгуулах ч асуудал яригдаж байлаа шүү дээ. Манайх энэ чиглэлийн үйл ажиллагааг ч эрхэлж байсан. Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдахад МСНЭ ёс зүйн кодоо өгөөд дэмжиж ажилласан. Сэтгүүлчийн мэргэжлийн алдаатай холбоотой гомдлыг хүлээн авч хэлэлцдэг, дүгнэлт гаргадаг энэ байгууллага олон тохиолдолд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хууль хяналтын байгууллага руу явах замыг хааж байгаа. Гол нь иргэдийн гомдлыг барагдуулж байна.

МСНЭ энэхүү үүрэг функцээ Хэвлэл мэдээллийн зөвлөлд шилжүүлсэн ч гэж нэг талаас нь тайлбарлаж болно. Одоо харин Хэвлэл мэдээллийн зөвлөл маань төрийн бус байгууллагын хувьд дүрмээ сайжруулах, засаглалын зарчимдаа салхи оруулах, гишүүдийн сонгон шалгаруулалтаа нээлттэй ил тод явуулах, нэгдсэн чуулганаа зарлан хуралдуулах, ёс зүйн кодондоо хамрах хүрээгээ нэмэгдүүлэх гэх мэт хийгдэх ёстой ажлууд байна гэж сэтгүүлчид хандах нь их боллоо.

Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлдөө МСНЭ-ээс тодорхой асуудлуудаар зөвлөмж хүргүүлж байгаа.

-Биднийг эрхзүйн орчингүй, бодлогын дорвитой зохицуулалтгүй хөвсөөр явтал технологийн асар хурдтай хөгжил дайраад ирлээ. Одоо мөрдөгдөж байгаа хууль, журам нь тэрхүү өөрчлөлтийг зохицуулж чадахааргүй болчихлоо шүү дээ. Гэтэл бид Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай больё гэдгээ домог болтол яриад, ядахад өргөн нэвтрүүлгийн тухай хууль гэж олон жил гуйж байна даа...

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол манай салбарын Үндсэн хууль. Ардчилсан Монгол Улсын хувьд хоёр дахь үндсэн хууль гээд нэрлэчихсэн ч буруудах зүйлгүй. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төлөөллийг уг хуулийн төслийн ажлын хэсэгт өргөн бүрэлдэхүүнтэйгээр орж ажиллуулах хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгчихөөд байна. Хуулиа батлуулахын төлөө зүтгэнэ. Илүү олон сэтгүүлч айдасгүйгээр үнэний төлөө дуугарч чаддаг, илүү олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд үнэний талд зогсож чаддаг тийм хэвлэлийн эрх чөлөөний төлөө бид зогсолтгүй тэмцэх ёстой.

Өргөн нэвтрүүлгийн хуультай больё гэж олон жил дамнуулан ярилаа. Яг энэ хуулиа яриад эхлэхээр нөгөө л асуудлыг өмчлөх үзэгдэл ажиглагдаж эхэлдэг. Дээр нь IPTV-үүдийн лобби парламент руу маш хүчтэй орж ирдэг. IPTV-үүд энэ хэдэн телевиз, сэтгүүлчдийн бэлтгэсэн контентыг хэрэглэгчдэд үзүүлж мөнгө олж байгаа биз дээ. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн оюуны бүтээлийг зараад мөнгө олж байгаа, шуудхан хэлэхэд. Олсон орлогоосоо ихийг биш юмаа гэхэд багахан хэсгийг энэ хэдэн телевизүүддээ өгөхөд яагаад болохгүй байна вэ. Энэ бол бизнесийн энгийн зарчим, амьдралын энгийн хууль шүү дээ. Гэтэл манай IPTV-үүд аймшигтай харгис монополиуд болж хувирсан. Эднийг хазаарлах цаг болсон. Нэг сая гаруй хэрэглэгчээс үйлчилгээний төлбөр авч байгаа. Энэ салбарын орлого нэг их наяд төгрөг хол давсан. Гэтэл нөгөө талдаа телевизүүдээс “Та нарын эфирийг бид хүмүүст хүргэж байна” гэдэг байдлаар сувгийн түрээс гэж их хэмжээний мөнгө авдаг. Хүний юмыг дамжуулж зарчихаад хэрэглэгч, нийлүүлэгч хоёроос нэгэн зэрэг татвар авч байна гэсэн үг. Одоо үүн дээр дахиад нэг аюул нэмэгдсэн нь тэд өөрсдөө контент бэлтгээд эхэлсэн. Бүр цаашилбал, IPTV үйлчилгээний үндсийн үндэс ньинтернэтийн технологи шүү дээ. Интернэтгүй бол IPTV ажиллахгүй. Тэд интернэтээ чхэрэглэгчдэд өөрсдөө зардаг. Нэг этгээд интернэт, IPTV, телевизийн контентыг нь бүгдийг эзэмшиж, зарж байна гэсэн үг. Тэд хүссэнээрээ үнэ нэмэх, үйлчилгээгээ хязгаарлах боломжтой гэсэн үг. Зүйрлэбэл худаг, хувин, ховоо гурав нэг хүнд байна. Чи яаж ус уух билээ. Энэ нь маш чимээгүй байдлаар Монголын хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн хараат бус байдалд бодитой аюул заналыг учруулж байгаа хэрэг юм.

-Манайх шиг хууль тогтоох байгууллага нь томоохон бизнесийн эрх ашиг, мөнгөнөөс хамааралтай улс оронд ийм зүйлийг санаатай олж хардаггүй юм болов уу. Уг нь зарим улс оронд зах зээлийг нь хувааж өгөх хууль хэрэгждэг шүү дээ. Архины бизнес байлаа гэхэд үйлдвэрлэлийг нь нэг хэсэг компани хариуцна. Бөөний борлуулалтыг нь өөр нэг хэсэг нь хийнэ. Жижиглэнгийн борлуулалтыг нь бас нэг хэсэг нь хийнэ гэх мэт. Өөрөөр хэлбэл, АПУ шиг компани байлаа гэхэд үйлдвэрлэлээ ч, бөөний борлуулалтаа ч, жижиглэнгийн борлуулалтаа ч өөрөө хийх ёсгүй гэсэн үг. Таны яриад байгаа зүйлийг үүнтэй адилтгаж болох уу?

-Тантай санал нэг байна. Бид үүнийг олж харах цаг болсон. IPTV-үүд ядаж эхлээд гадны өндөр үнэтэй контент худалдаж авч, үндэсний телевизүүдийн контенттой өрсөлдүүлж байгаа үйлдлээ хязгаарлах ёстой. Гадны контентыг сая, сая доллараар худалдаж аваад өөрийнхөө эзэмшлийн сувгаар үзүүлээд эхлэхээр үндэсний контент үйлдвэрлэх орон зай байхгүй болно. Монголын захын телевиз дээр очоод чи сая доллараар контент бэлтгэ, энэ том том шоунуудтай өрсөлд гэх юм бол хэзээ ч чадахгүй, боломжгүй. Тэр чинь огт өөр зах зээлд, огт өөр системд асар их мөнгөөр хийгдсэн зүйл. Тэр форматыг шинээр энд хийх боломжгүй. Зүй нь IPTV-үүд тийм өндөр чанартай үндэсний контент хийх боломжийг энэ хэдэн телевизүүдэд гаргаж өгөх ёстой. IPTV-ийн нийт ашгийнх нь 50 хувийг Монголын телевизүүдэд өгөхөөр хуульчилж яагаад болохгүй гэж. Ингэвэл үндэсний контент хөгжинө. Үндэсний соёл, өв уламжлал, үндэсний сэтгэлгээ хөгжинө. Гадны том том контент оруулж ирсэн ч телевизүүд нь оруулж ирэг. IPTV-үүд энд оролцож болохгүй. Бусдадаа хөгжих боломж олго л доо. Бүгдийг хамж идэх гээд л дайраад байж болохгүй л дээ. Бид энэ байдлыг засч залруулах ёстой. Зүй нь бол IPTV-үүд өөрсдөө ухамсарлаад, уриалаад хэлэлцээрийн ширээний ард суух цаг болсон.

-Та хэвлэл мэдээллийн салбар бизнес, улс төрийн орчны нөлөөллийн тухай ярьж байна. Үүнээс үүдэн гарсан монополь бизнесийн тухайн ярилаа. Хэвлэл мэдээллийн салбар доторхи монополь байдлыг юу гэж дүгнэдэг вэ?

-Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд гарааны тэгш биш нөхцөлд ажиллаж байгаа нь үнэн. Үүнээс болоод цаг хугацаа явах тусам гарааны тэгш бус байдлаас үүссэн тэр хүчин чадлын зөрүү нь улам их болж байгаа тохиолдол бий. Ялангуяа телевизүүд дээр энэ маш их тодорхой харагдана. Үүнийг засахын тулд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиа яриад байгаа юм. Телевизийн салбарт илт гажилт үүсгэж байгаа IPTV-үүдийн монополь байдлыг хуулийн хүрээнд зохицуулалт хийх цаг болсон.Нөгөө талаасаа, миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт тодорхой хэмжээний жам ёсны төвлөрөл үүсэх ёстой гэж үздэг. Нэг хэсэг Монголд долоо хоног тутмын 100 гаруй сонин, өдөр тутмын 20-иод сонин хэвлэгддэг байсан. Шар сонины үе ч гэж нэрлэдэг дээ. Тэдгээрээс одоо гарын хуруунд багтах цөөхөн хэдэн өдөр тутмын сонин л тунаад үлдэж. Сүүлийн жилүүдэд өдөр тутмын сонины захиалгаа эргээд өсөх хандлагатай болж ирж байна. Тэгэхээр жам ёсны зах зээлийнхээ хөгжлөөр энэ салбар өөрийгөө цэвэрлэсэн байна. Цөөхөн хэдэн чанартай сонин дээр хэрэглэгчийн хувьд ч, сэтгүүлчдийн хувьд ч төвлөрөл үүсэх үйл явц ажиглагдаж байна. Чанартай хэдэн сонин үлдэхээр сонины мэдээг илүү бодитой, үнэн зөв, баталгаатай гэсэн итгэл үнэмшил иргэдэд төрж байгаа хэрэг. Гэтэл эсрэгээрээ хамгийн болохгүй бүтэхгүй мэдээлэл сайтад байдаг гэсэн ойлголт, дээрээс нь сайт, сошл хоёроо хэрэглэгч ялгахгүй байдал газар авлаа. Одоо мэдээллийн сайтын зах зээлд төвлөрөл бий болохыг зах зээл өөрөө шаардаж байна. Хүссэн хүсээгүй ийм хөгжил рүү бид явахаас өөр аргагүй болсон. Төвлөрөл үүсэх нь давамгай байдалтай, санхүүгийн болон сэтгүүл зүйн хувьд хүчтэй, хүний нөөцийн хувьд чадамжтаймэдээллийн хэрэгслүүдийг бий болгоно. Монгол Улсад 160 телевиз, 200 гаруй сайтууд ажиллаж байна. Одоо бид нэмж сайт нээх биш, нэгдэж ажиллах хэрэгтэй. 10 жижиг сайтыг 10 хүн ажиллуулах биш арвуулаа нийлээд нэг сайн сайт ажиллуулаад үр шимийг нь 10 хувааж хүрт. Та нар тус тусдаа яваад олж буй үр ашгаасаа хамаагүй илүү зүйлийг өөртөө авах болно. Манай залуу сэтгүүлчид өнөөдөр гайгүй бичээд ирэхээрээ л “за бие даана аа” гэж гараад нэг сайт байгуулчихаж байгаа шүү дээ. Нэг программ, домайн хаяг аваад серверт байршуулаад өөрөө бичээд эхэлдэг. За тэгээд улстөрчидтэй уулзаад гайгүй гэрээ хийгээд эхэлбэл дороо хоёр хүн аваад ажиллуулдаг. Энэ бол хөгжил биш ээ гэдгийг бид харж байна. Гэхдээ залуучуудаа буруушааж, мохоох үг хэлж байгаа юм биш шүү. Яахав бизнесийн жам ёсоорооо тулалдаад гараад ирж байгаа бол сайн л хэрэг. Хэрвээ тийм биш бол битгий өөр зүйл рүү өөрсдийгөө хөтлөөд буруу санхүүжилтын араас хөөцөлдөөд яваад байгаарай л гэж хэлэх байна даа.


ХААЛТЫН ГЭРЭЭ ГЭДЭГ УХАГДАХУУНЫГ ХУУДАС ЦААС ГЭЖ ОЙЛГОДОГГҮЙ
 

-Тодорхой хэмжээний шалгарал явагдаж, хэвлэлүүд цөөрч байгаа нь сайн зүйл гэж та хэллээ. Миний бодлоор харин ч олуулаа байгаа нь хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт байдлыг хангах нэг нөхцөл нь болж байгаа. Цөөхөн байх тусмаа худалдагдах эрсдэл, магадлал ихтэй гэж хэлмээр санагддаг. Яагаад гэвэл манай нөхцөлд зах зээл дээр удаан оршин тогтнож томрох тусмаа хүчтэй, хараат бус болох ёстой хэвлэлүүд маань харин ч эсрэгээрээ тэр хэрээрээ зөвхөн нэг хэсгийн эрх ашгийг төлөөлдөг, түүгээрээ хүч түрж суртал ухуулга хийдэг болоод байна гэвэл зөвшөөрөх үү?

-Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санхүүжилт босгохын тулд маш зовлонтой амьдарч байна. Манай улсад хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүл зүйн жам ёсны хөгжлийг аль хэдийнэ гажуудуулсан. Эзэд нь улстөрчид. Ерөнхийдөө хазаарлаж авахад их хүнд болчихсон. Таны асуулт үүнтэй холбоотой. Яагаад гэвэл зах зээлийн жамаараа үүсэн бий болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөнх болчихсон. Улс төрийн зарчмаар, бизнесийн халхавч байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олноор нь үйлдвэрлэж байна. Мөнгө олохын тулд биш, бизнесээ хамгаалахын тулд бий болгосон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонх болсон. Бизнесүүд нь өөрсдийн лоббиг улс төрд хамгаалахын тулд, улстөрчид нь улс төрийн байр сууриа хамгаалахын тулд зах зээлийн бус зарчмаар, зах зээлийн бус сэтгэхүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэжээж байна. Тэгээд энэ зах зээлийг юу ч биш болгож байгаа. Ийм нөхцөлд жам ёсны хөгжлөөрөө явж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөлд нь үрэгдэж байна. Давгүй сайхан нэвтрүүлэгтэй, мэргэжлийн хэдэн сайн сэтгүүлчтэй телевизүүд гарч ирж байтал татаад унагачихаж байна. Хөтлөгч, сэтгүүлчид нь олон нийтэд гайгүй танигдаад, эсвэл сайхан бичвэртэй залуу сэтгүүлчид сайшаагдаад ирмэгц улстөрчдийн буруу аргаар олсон мөнгөний урхинд ороод явчихаад байна шүү дээ. Тэд казинод хэдэн арван саяар нь хаяхдаа хайрладаггүй авлигын мөнгөөрөө манай салбарыг нэрвэж байна. Хууль бус мөнгөний урсгал хэвлэлийн салбарт орж ирснийгорыг Монгол улсын иргэд захиалгат мэдээллээр бөмбөгдүүлж эдэлж байна. Тийм их мөнгөний дэргэд тэсч үлдэхийн тулд хувьцаагаа зарах, мөнгөтэй хүнтэй нийлэхээс өөр аргагүй байдал руу түлхчихэж байгаа юм. Ингээд аль нэг улстөрчийн халаас руу гүйгээд орчихож байна. Одоо манай салбарт ямар бичигдээгүй хууль үйлчилж байна гээч. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдхоорондоо өрсөлдөж байгаа юм биш. Улстөрчид хоорондоо өрсөлдөж байна. За яахав дээ, энэ хэдэн хэвлэл маань улстөрийнхөнд захиалгыг нь биелүүлэхийн хажуугаар ямартай ч өнгөтэй сайхан нэг контент хийчих юмсан гээд, нэг шударга үг хэлчих юмсан гээд явж байгаа нь их юм даа гэж заримдаа боддог. Тийм учраас энэ байдлыг засахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувьцаа эзэмшигч буюу жинхэнэ эзнээ, санхүүжилтын эх үүсвэрээ зарлах ёстой гэж би хэлээд байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд л үүнийг суулгана. Энэ байдлыг маш яаралтай засахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлзүйн хараат бус байдал устаж үгүй болох аюул бодитой нүүрлэчихээд байгаа.

-Хэвлэл мэдээллийн хамгийн эмзэг асуудал нь санхүүжилт шүү дээ. Үүн дээр л улстөрчид тоглож ирсэн...

-Үнэн. Угаасаа улс төрийн санхүүжилтийг, том бизнесүүдийн тоо хязгааргүй их мөнгийг бид зогсоож чадахгүй. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбар маань хараат бус, чөлөөтэй оршин тогтнохын тулд хаалтын гэрээ гэдэг зүйлгүй, үзэл бодлоо худалдахгүй байх нөхцөл хэрэгтэй. Хаалтын гэрээнээс бид салбараараа татгалзах ёстой. Гэхдээ нэг зүйлийг анхаар. “Би хаалтын гэрээгүй, бусад нь хаалтын гэрээ хийдэг худалдагдсан” гэж зарлаж байгаа этгээд өөрөө хэн билээ гэдгийг бид бас тунгаан бодож байх ёстой. Би хаалтын гэрээ гэдэг ухагдахууныг хуудас цаас гэж ойлгодоггүй. Энэ бол ил, далд аль ч хэлбэрээр хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлсөн зүй тогтол, үйл явц, харилцан хамаарал гэж хэлнэ. Энэ хэдэн ядарсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яам тамгын газартай нэг жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулаад тав гурван төгрөг авчихсан, албан мэдээллийг нь нийтлээд үйлчилгээ үзүүлээд явж байгааг би үгүйсгэхгүй ээ. Тэр гэрээ бол нэг жилийн дараа дуусчихна. Энэ бол хаалтын гэрээ биш. Харин улстөрийн захиалгаар бий болсон, тодорхой бүлэглэлийн бизнес, улс төрийг хамгаалж байгаа тэр мэдээллийн хэрэгслийн харилцан хамаарал бол хаалтын гэрээ мөн. Тухайн эзэн байгаа цагт тэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа цагт тэр хоёрын хаалтын гэрээ дуусахгүй. Аль нэг нь үгүй болж байж хаалтын гэрээ дуусна. Энэ чинь жинхэнэ аюул мөн биз?! Тэгээд хаалтын гэрээ гэж дахин дахин яриад байгаа хүмүүсийг илүү их анзаарч хараад байгаарай. Тэдэнд л асуудал их байгаа даа. Тэр хүн маань, эсвэл тийм мэдээллийн хэрэгсэл өөрөө харин тэр чигтээ хаалтын гэрээ болчихсон юм биш биз? Амь биеэрээ, оюун ухаан нь, амьдрал нь, бизнесийн хэлбэр нь тэр чигтээ хаалтын гэрээ болчихсон юм биш биз. Үүн дээр илүү анхаарлаа хандуулж ярих ёстой. Товчхондоо бид хөгжлийн зөв гарцаа олохын тулд үнэнийг ярих ёстой. Яг ний нуугүй хэлэхэд энэ салбарыг хүчгүй байлгаж байгаа, хүчгүй байлгах шалтгаан нь энэ. Бид бүгдээрээ үүнийг мэддэг ч ярьдаггүй. Одоо үүнийг өөрчилье гэж би салбарынхандаа уриалмаар байна. Бага зэрэг өвдөх л байх. Гэхдээ дараа нь илүү зөв орчинд, эрүүл сайхан сэтгүүлзүйд ажиллаж, амьдрах боломж бидэнд бүрдэнэ.

-Сэтгүүлзүйтэй зэрэгцээд сошл сүлжээ гэдэг шинэ давлагаа нийгэмд бий боллоо. Энэ нь сайн, муу аль аль үр дагаврыг авчирч байх шиг. Юун түрүүнд “сэтгүүлч хэрэгтэй юм уу” гэсэн хандлага бий болж, үүнийг дагаад сэтгүүлзүйн нэр хүнд унаж байх шиг?

-Цахим сэтгүүл зүй буюу мэргэжлийн сэтгүүл зүй, цахим орчин дахь иргэдийн сэтгэгдэл хоёр өөр шүү. Сошл бол сэтгүүл зүй биш. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань интэрнэтэд суурилсан олон нийтийн харилцааны сүлжээг түшиглээд өөрийнхөө мэдээ, мэдээллийг түгээхээс өөр аргагүй болчихсон. Өөрөөр хэлбэл, бидний дэд бүтэц болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Гэхдээ бичээд байгаа болгон сэтгүүлч юм байна гэдэг ойлголт нийгэмд төрчихлөө. Үүнээс болоод сэтгүүл зүйн нэр хүнд маш их унасан. Сэтгүүлчид муу, муухай байгаа учраас сэтгүүл зүйн нэр хүнд унаж байна аа гэдгийг би зөвшөөрөхгүй. Тиймэрхүү алдаа бол байдгийг би үгүйсгэхгүй. Сэтгүүлчийнхээ ёс зүйг сахихгүй байгаа. Сэтгүүлч биш байж сэтгүүлч мэт өөрийгөө ойлгож, сайт сонин эрхлээд тэрэн дээрээ буруу зөрүү юм бичээд алдаа гаргаад ингээд мэргэжлийн алдааг нийтийнх болгож харагдуулж буй тохиолдол байгаа л байх. Гэхдээ нийтлэг биш. Иргэд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сэтгүүл зүй, сошл хоёр өөр шүү.

-Гэхдээ сошл хэмээх үнэгүй түгээлт, дэд бүтцийг зөв ашиглабал сэтгүүл зүйн хөгжилд эерэг нөлөөтэй байж таарна?

-Хэвлэл мэдээллийн хэрсглүүд маань лайв гэдэг технологийг ашиглаад мэдээ, мэдээллийг маш хурдтай түгээж эхэллээ. Нэг иргэн лайв хийх, сэтгүүлч лайв хийх хоёрт ялгаа бий. Энд л сэтгүүлзүйн нэр хүнд байгаа. Нууц аккаунтаас лайв хийгээд эхэлбэл аюул шүү. Мэдээллийн сайт өөрийн эх сурвалжаар өөрөө хариуцлагаа хүлээгээд нэвтрүүлж байгаа шууд дамжуулалтыг би хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн үйл ажиллагаа гэж хэлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтээсэн контентыг албан ёсны эх сурвалжтай хэвлэлийн мэдээ гэж хэлнэ. Иргэн Дагвадорж “Аса станц мэдээлж байна” гэж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэхгүй байна. Аса мэдээлэл дамжуулж байгаа нь үнэн . Мэдээллийн эх сурвалж ч мөн. Гэхдээ тэр мэдээллийг дамжуулснаараа хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэмжээнд хариуцлага хүлээхгүй. Үүнд л маш том ялгаа байгаа. Энэ дашрамд хэлэхэд лайв хийж байгаа сэтгүүлчид маань одоо мэргэжлийн ур чадвараараа жаахан ялгараарай, гаргаж буй зан авираа хараарай. Сошлчдаасаа ялгарах мэргэжлийн форматтай байх талаас анхаарвал зохилтой. Тэгвэл илүү мундаг болно. Лайв сэтгүүл зүй гэж хэлж болохоор цоо шинэ урсгал түрж хөгжиж эхэлж байна. Олон жил тэмүүлж ирсэн, ахмад үеийнхэн маань бидэнд заасан олон жил ном шагайсан мэргэжлийн сэтгүүлзүйгээ ямар ч нөхцөлд баримтлах хэрэгтэй.


“МЕДИА ТУР” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ, ДЭЛХИЙН 20 УЛСААР ЯВЖ АЖИЛЛАНА
 

-Таны нэг жилийн хугацаанд хийсэн, зорьсон ажил руу эргээд анхаарал хандуулья. Бид өөрөө өөрсдийнхөө төлөө юу хийж чадах вэ гэдгийг харуулахыг зориод байх шиг. Тухайлбал, 1000 сэтгүүлчийн орон сууц төсөл байна, “Сэтгүүлч” ордон байна?

-Би МСНЭ-ийн сонгуульд нэр дэвшихдээ 1000 сэтгүүлчийн орон сууцыг шийднэ гэж хэлсэн. Намайг попорлоо гэж зэмлэж байсан. Надад тодорхой гаргалгаа байсан. Би бизнесийн салбарынхантай хамтарч ажиллаад төслийг нь сурталчлаад оронд нь тодорхой тооны орон сууцыг үндсэн өртгөөр нь авах боломж байгааг олж харсан. Энэ бол манай салбарын л онцлог, нэг ёсны давуу тал. Эхний ээлжинд “Шинэ гарц” компанийн “Шинэ гүрэн” хорооллын 1620 айлын орон сууцны барилгаас 400-г нь онцгой хямдралтай үнээр сэтгүүлчдэдээ авах нөхцөл бүрдүүлсэн. Энэ жил эхний 100 байрыг 1.099.000 төгрөгөөр гэрээ байгуулж эхлээд байна. Мөн “Сэтгүүлч” ордны барилгын зургийн ажил ид дундаа явж байна. Энэ хавартаа багтаж ордныхоо бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн төлөө ажиллаж байна. Газар маань бэлэн болсон. Сүхбаатарын талбайгаас яг хоёр километрт 32 тойргийн нүүрэн талд С.Батболд дарга бидэнд газар шийдэж өгсөн. Энэ дашрамд Нийслэлийн засаг дарга асан С.Батболддоо дахин талархал илэрхийлье. Сэтгүүлч ордон маань доошоо хоёр давхар, дээшээ 16 давхар нийт 18 давхар байхаар зураг төсөл нь хийгдээд явж байна. Энэ бүтээн байгуулалтаа бид босгож чадвал Азидаа томд тооцогдох сэтгүүлчдийн ордонтой болно. Монгол Улсдаа хамгийн том хэвлэл мэдээллийн смарт төв, 50 хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид нэгэн зэрэг ажиллах боломжтой хамтын оффис, 20 орны сэтгүүлчид нэгэн зэрэг ажиллах боломж Олон улсын сэтгүүлчдийн төв, сэтгүүлчдийн сургалтын төв, 150 хүний суудалтай хурлын заал, сэтгүүлзүйн музей, хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих инкубатор төв, 120 ортой зочид буудал, 300 хүний эвэнт заал, 150 хүний суудалтай ресторан, кофе шоп гээд цогц үйлчилгээг багтаасан ордон барихыг зорьж байна. Энэ ордон бол манай салбарын хараат бус хөгжлийн хамгийн том үндэс суурь болно. МСНЭ өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй редакциуддаа санхүүжилт олгох хэмжээнд бид орлоготой болох боломж бий.

-Таны хувьд гадаад харилцаанд онцлон анхаарч байх шиг. Энэ жил “Медиа тур” гэдэг төсөл хэрэгжүүлэх сураг сонсогдож байна. Үүнийг тодруулах уу?

-Ер нь бид салбараа илүү тод хөгжүүлье гэвэл гадаад харилцаагаа өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж бид ойлгосон. Энэ жилийг тэр ч үүднээс Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын гадаад харилцааны жил болгон зарласан. Монгол улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд маань халуун дотноор дэмжиж байгаа. Хамгийн гол ажил маань “Медиа тур” зорилтот төслийг хэрэгжүүлнэ. МСНЭ, МҮОНРТ хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулж байна. Бид 20 орчим улс орноор явж ажиллах зорилго тавиад ажиллаж байна. Тухайн улс орнуудын сэтгүүлчдийн холбоотой нь хамтын ажиллагаа эхлүүлэх, МҮОНРТ-ээ тухайн улсын төв телевизийн хооронд хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулах, тухайн улсын хөгжлийн бодлогыг сурвалжилсан нэвтрүүлэг бэлтгэх, гадаадын улс орнуудад ажиллаж байгаа өөрийн элчин сайдын яамдын үйл ажиллагааг сурвалжилж олон нийтэд хүргэх, аялал жуулчлалын шинэ маршрут нээх, Монгол улсынхаа аялал жуулчлал, эдийн засгийг сурталчилсан нэвтрүүлгийг тухайн улсын хэвлэл мэдээллийн сувгаар цацах зэрэг цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ жилийн зорилт маань амжилттай хэрэгжвэл цаашдаа Медиа тур төслийг жил бүр уламжлал болгон хийж, Монгол Улсын гадаад сурталчилгааны томоохон акц болгож хөгжүүлье гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Та сэтгүүлчдийн байгууллагыг чадварлаг удирдаж, их зүйл хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эргүүлээд өөрийнхөө төлөө ашиглах гэж байна гэсэн хардлага байна л даа. Улс төрд хүч үзэх, аль нэг намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших санаа давхар яваад байна уу гэж асууж байгаа хэрэг. Тийм бодол байдаг уу?

-За тийм юм байхгүй дээ. Ер нь намайг аль намын хэн гэдэг дарга нэр дэвшүүлнэ гээд байгаа юм бэ? Яг үнэндээ та хэд л хардаад байгаа болохоос биш. УИХ-д нэр дэвшүүлнэ гэдэг чинь эхлээд намын шат шатны түвшинд бодлого шийдвэрээ гаргаад, хүнээ сонгож томилоод явуулдаг ажил. Тэр намын ажилд зүтгээд, бас хандив энэ тэр юмаа өгөөд явдаг байх. Би тэр хүртэл явчихаагүй ч үүнийг бас гадарлана аа. Харин сэтгүүлзүйн салбартаа эзэн шиг эзэн байхын тулд илүү хүчтэй, илүү тодорхой хөгжлийн бодлого гаргаж хэрэгжүүлэхийг зорьж байна. Эх орныхоо хөгжил дэвшилд хамгийн бодитой нөмөр нөөлөг болдог нөлөө бүхий хүчирхэг салбар байя л даа. Бүр том амбицтай байя. Энэ салбарын хөгжилд сэтгүүлч бүр хувь нэмрээ оруулж чадна, Монголын чөлөөт хэвлэл дэлхийд гайхагдсан жишиг болтлоо хөгжиж чадна гэсэн итгэл үнэмшилтэй ажиллацгаая.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: baabar.mn