Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун нэг жилийн ял авлаа

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун нэг жилийн ял авлаа

Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэгүүдийг хүнсээр хангаж байдаг нийслэлийн өмчит таван газар байдаг. Тэдний нэг болох Баянзүрх дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж буй Б.Наранчулуунд холбогдох хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ.


Б.Наранчулууныг, менежер Б.Хулангийн хамт 2016 оноос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд цэцэрлэгийн жаалуудын хоол, хүнсний хөрөнгөөс “хумсалсан” хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өмнө нь нэг бус удаа шүүхэд шилжүүлж байсан ч шүүхээс хэргийг буцаасаар нэлээд хугацаа өнгөрсөн юм. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий нягтлан бодогч Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нарыг албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулан авч, бусдаас хээл хахууль авсан хэмээн анх шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад дарга, менежер нараас бусад хоёр хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж.

Улмаар Б.Наранчулуун, Б.Хулан нарт прокуророос Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүх хэлэлцээд Б.Хуланг цагаатгажээ. Харин Б.Наранчулуунд нэг жил хорих ял шийтгэсэн байна.


Баянзүрх дүүрэг нь Засаг даргын дөрвөн орлогчтой бөгөөд нэг нь дээрх ял шийтгүүлсэн эр аж. ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч албан тушаалд ял шийтгүүлсэн хүн ажиллаж болох, эсэхийг уншигчид тунгаах биз ээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг АТГ-ынхан өөр хэрэгт дахиад шалгаж буй гэнэ. Бусдаас 200 сая төгрөгийн хахууль авсан болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ.