Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ боллоо

A- A A+
Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ боллоо

Өнөөдөр /2019.05.07/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд цуглаж нийгмийг цочроогоод байгаа халуун сэдэв болох хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Уг зөвлөлдөх уулзалтыг МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа санаачлан зохион байгуулсан юм. 14 намын 30 гаруй эмэгтэйчүүд оролцож байр суурь үзэл бодлоо илэрхийллээ. 
Уг зөвлөлдөх уулзалтыг хөтөлж удирдан ажилласан НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нээж хэлсэн үгэндээ

“...Өнөөгийн үүсээд байгаа нийгмийг цочроож байгаа асуудалд эмэгтэйчүүд бид эх хүн, ээж хүний байр сууринаас улс төрийн нам харгалзахгүйгээр нөхцөл байдалд бодитой хандаж, санал бодлоо нэгтгэн гарц шийдлийг олж хамтран ажиллая гэж энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Бид юу хийж чадах вэ, юуг хийснээр хүчирхийллийг бууруулж болох вэ, гэдгийг хамтдаа хэлэлцье. Хүчирхийллийн гэмт хэрэг өөрөө их нарийн эмзэг асуудал. Ихэнхдээ гэр бүлийн хамаарал бүхий орчинд үйлдэгддэг. Тиймээс бид улс төрийн оноо авах гэж, олон нийтийн анхаарлыг татах гэж энэ асуудалд хандаж болохгүй юм. Хамтдаа хэлэлцэж дуу хоолойгоо нэгтгээд нөлөөллийн ажлуудыг хийж шийдвэрлүүлье.

Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн манлайлагч эмэгтэйчүүд та бүхэндээ баярлалаа. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй оролцохыг та бүгдээс хүсэе” гэлээ. 


Зөвлөлдөх уулзалтанд МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны УЗГ, УИХ-ын гишүүн, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Амарзаяа, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон НАМЭХ-ны УЗГ, ХХГ байлаа. Мөн АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, МАХН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн асан Д.Удвал, З.Баянсэлэнгэ нарын төр, нийгмийн үйл хэрэгт манлайлан ажиллаж ирсэн эмэгтэйчүүд, намуудын эмэгтэй гишүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байсан юм.

Намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлэх явцад эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэх цаг нь болсон гэдгийг онцолж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлэн үр дүнтэй ажиллахыг санал болгож байлаа. Тэд эцэг эхийн хариуцлага, анхаарлыг нэмэгдүүлэх, цаашид аавуудыг татан оролцуулах тэдэнтэй хамтрах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, боловсрол хүмүүжил, хүний хөгжил хамгааллын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх, эрх зүйн зохицуулалтын гажуудлыг засаж залруулах, зэрэг нь хүчирхийллийг бууруулахад онцгой нөлөөтэй гэж үзсэн юм. Харин энэ төрлийн гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн хамаарал бүхий орчинд үйлдэгддэг учраас бодлогогүй аливаа нэг шийдвэр гаргалт гэмт хэргийг далд хэлбэрт шилжихэд нөлөөлж болзошгүй гэдэг дээр санал нэгдэж байлаа. 
НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа зөвлөлдөх уулзалтыг хааж дүгнэлт хэлэхдээ “Бид гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулсан дараа дараагийн өргөн хүрээний нээлттэй хэлэлцүүлгүүдийн урилгыг та бүхэнд цаг тухайд нь хүргэж ажиллана. 5-р сарын 29-нд НАМЭХ-ноос байгуулах “Гэр бүл, хүүхэд хамгаалал” сэдэвт үндэсний хэмжээний чуулга уулзалтанд та бүхнийгээ урья” гээд Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлын талаар энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар зогсохгүй олон талт ажил арга хэмжээн дээр хамтарч ажиллахыг уриаллаа.