Тансаглалын ЗАГАЛМАЙЛСАН “Эцэг” Б.Мөнхбатыг огцруулая

A- A A+
Тансаглалын ЗАГАЛМАЙЛСАН “Эцэг” Б.Мөнхбатыг огцруулая

Ерөнхий сайд аа, ЗГХЭГ-ын газрын дарга аа, төсвөөс тэтгүүлдэг Төрийн өмчит компаниудын тансаглалыг хазаарлах цаг нь болжээ.

Уг нь эрхэм хоёр сайдын “Улсаараа бүсээ чангалж, эдийн засгийн хүндхэн даваагаа хамтдаа туулъя” гэж хэлсэн үгний чинь шүлс хатаж амжаагүй байхад “ойгүй баян” цалин хангамжтай нэр бүхий захирал татвар төлөгч бидний мөнгөөр тансаглаж дууслаа. Өөрөөр хэлбэл, доор дурдагдах төрийн өмчийн компанийн захирал эрхэм тухайн газрынхаа хаан мэт авирлаж, бүх хэрэгцээгээ хангуулж байна.

Тухайлбал, та бидний сайн мэдэх Төрийн өмчит “Монголросцветмет” компанийн захирал Б.Мөнхбат гэгч эрхэм авсан цалингаа бага хэмээн голж цалин хангамжийнхаа нэмэгдлийг Төрийн өмчийн хороотой ярилцаж шийдэлгүйгээр зөвхөн ТУЗ-ийн даргатайгаа ханцуй дотроо шивнэлдэж хангамжаа нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр авдаг болоод таван сарын нүүр үзчихэж. Уг нь төрийн өмчийг харж хамгаалан нэгдсэн байдлаар менежмент хийдэг газар бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Гэтэл тус газар өөрсдөө хяналт тавих ёстой атал иймэрхүү маягаар ажиллаж буй нь анхаарал татаж байна.

Үнэн хэрэгтээ Б,Мөнхбат гэгч этгээд Төрийн өмчит энэ том компанийг хувийн компани мэтээр андуурч дур мэдэн цалин хангамжаа шууд нэмэгдүүлсэн нь анхаарал татаад зогсохгүй, энэ том эрх мэдлийг хэн түүнд олгов гэдэг нь эрхгүй анхаарал татаж байна. Яг үнэндээ та бидний бодсон шиг Б.Мөнхбатын цалин хангамж тийм бага уу гэвэл үгүй.

Манай сайт энэ тухай мэдээллийг өнгөрсөн гуравдугаар сард олонд ил болгож байсан удаатай. Тэрбээр сардаа нэг сая таван зуун мянган төгрөгийн цалинг гар дээрээ бэлэн аваад зогсохгүй сар бүр 8000 ам.долларыг шагналт цалин болгож авдаг байна. Тэгэхээр түүний сарын орлогыг зөвхөн цалин, шагнал хоёроор нь тооцоод үзэхэд 22.300.000 мянган төгрөгийн цалин авдаг гэж гарч ирж буй.

Түүний тансаглал үүгээр дуусахгүй шүү. Мань эрхэм хоол хүнсэндээ ихэд анхаарч компаниасаа холлныхоо хэрэглээнд зориулж 4.5 сая төгрөгийг гаргуулдаг гэж байгаа юм. Ийм нэг даварсан захирал татвар төлөгч таны, миний мөнгөөр хээв нэг тансаглаж Төрийн өмчит компанийн дансыг хасах баланс руу ойртуулж ажилчдаа шимж амьдарч явна. Хэрэв хууль дүрмээ барьдагсан бол, төрийн өмчит компаниудын улсын төсөвт оруулах ашиг захирлуудынх нь тансаглалаас ч өндөр дүнтэй гарах боломжтой билээ.

Үүгээр ч зогсохгүй тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард байгууллагынхаа зардлаар Москва руу зорчихдоо бизнес класс ангиллаар зорчиж Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 174 дугаар тогтоол, төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай тогтоолын хавсралт, Сангийн сайдын 2014 оны 122 дугаар тушаалд заасан “Төсвийн хөрөнгөөр бизнес ангилалд нислэгээр зорчихыг хориглох” гэсэн заалтыг зөрчсөн. Түүний энэ үйлдэлд хариуцлага тооцсон нэгээхэн ч байхгүй. Ёстой л нөгөө бурхангүй газрын бумба галзуурна гэдгийг Б.Мөнхбат Төрийн өмчит компанид утгаар нь харуулж ажилчдынхаа “шунал, аазгай” хоёрыг зэрэг хөдөлгөсөөр олон ч сарыг ардаа хийчихлээ. Тиймээс л түүнийг “торгонд хөлбөрч, тосонд умбасан ойгүй баян захирал” гэж нэрийдсэн хэрэг.

Эцэст нь Ерөнхий сайд аа, ЗГХЭГ-ын дарга аа, алдагдалтай ажиллаж байгаа Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулж, тэдний хэрээс хэтэрсэн тансаглалыг хумина гэсэн амлалтандаа хүрэх цаг чинь болсон гэдгийг Б.Мөнхбат захирлын үйлдэл харууллаа. Төрийн мөнгө ёолох биш дээ гэдгийг утгаар харуулсан түүний тансаглалыг танах аль эсвэл үтэр түргэн зайлуулах гэсэн хоёр гарц буйг дуулгах байна.

Бид дараагийн дугаартаа Төрийн өмчийн хөрөнгийг баруун солгойгүй үрж буй Б.Мөнхбат “Монголросцветмет” компанийг овойж оцойтол нь яаж өөд нь татсан бэ. Мөн тэрбээр эхнэрийнхээ төрсөн дүү, баз хүргэнээ тус компанид ямар, ямар албан тушаалд томилсон. Өөрөө энэхүү компанийн захирлын суудалд ямар улстөрчөөр крандуулж ирсэн тухай мэдээллийг хүргэх болно.