ШТС-ууд бензин дутуу шахаж байгаа эсэхэд хяналт хийж байна

ШТС-ууд бензин дутуу шахаж байгаа эсэхэд хяналт хийж байна

Шатахуун түгээх станцууд /ШТС/ шатахуун дутуу шахдаг гэсэн хардлага жолооч нарт байдаг. Тэгвэл жолооч та тухайн ШТС дахь түгээгүүрт Стандарт хэмжил зүйн газрын /СХЗГ/ улсын байцаагчийн баталгаажуулалтын гэрчилгээ байгаа эсэхийг лавлаж, огноог нь харахад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл Стандарт хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог.

Гэрчилгээг олгохдоо явуулын хэмжигч багажны тусламжтайгаар “MNS-3015-2014” стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг. Ингэхдээ ШТС дахь түлш олгож буй бүх хошууг шалгадаг байна.

Шатахуун түгээх станцууд нь баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээ авснаар лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. Стандарт, хэмжилзүйн газраас баталгаажуулалт хийлгэсэн түгээгүүр нь улсын байцаагчийн олгосон гэрчилгээг нийтэд нээлттэй байршуулах үүрэгтэй. Тиймээс  иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг шалгаж үйлчлүүлэх боломжтой юм.

Стандарт, хэмжил зүйн газраас жил бүр ШТС-уудад хавар, намар шалгаж, баталгаажуулалт хийдэг байна. Ээлжит хаврын баталгаажуулалт үргэлжилж байна.

 

Энэ хаврын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын улсын байцаагч Петровисийн 16-р шатахуун түгээх станц дээр ажиллаж байхад нь зарим зүйлсийг тодрууллаа.

Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн улсын шалгагч М.Гомборагчаа: “Манай Стандарт хэмжил зүйн төвийн Эзэлхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн албанаас явуулын хоёр машин, нэлээн олон шалгагч, баталгаажуулагч улсын байцаагчдын бүрэлдэхүүнээр жилдээ хоёр удаа энэхүү ажлыг явуулдаг.  Энэ удаагийн ээлжит хаврын баталгаажуулалт үргэлжилж байгаа юм. Өнөөдөр Петровисийн ШТС дээр ажиллаж байна. Тухайн ШТС-ын бүх хошууг шалгаж баталгаажуулаад стандарт хангаж байвал лац ломбоо тавьж, гэрчилгээ олгодог. Энэ шалгалт зургаан хугацаатай тогтмол хийгддэг бөгөөд энэ баталгаажуулалт нь дараагийн баталгаажуулалт хүртэл хүчин төгөлдөр байдаг. ШТС-уудын хувтд лац ломбыг хөндөх эрх байхгүй. Нөгөө талаас   иргэд, хэрэглэгчид улсын байцаагчийн баталгаажуулсан түгээгүүрээр үйлчлүүлж буй эсэхээ гэрчилгээг нь хараад мэдэж болно” гэлээ.  

Үргэлжлүүлэн Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун станцуудыг шалгаж баталгаажуулах юм байна.