Л.ӨЛЗИЙСАЙХАН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

A- A A+
Л.ӨЛЗИЙСАЙХАН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.05.09) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон Удирлагын зөвлөлийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүлээн авч баяр хүргээд Улсын Их Хурлын Тамгын газрын тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын дарга, 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.