ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

-Европын гол түнш улсуудтай Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажил хэрэгжиж байна-

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос “Тээвэр дэх автоматжуулалт” сэдэвт олон улсын дээд түвшний хуралдааныг Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү хуралдаанд Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй албаныхан урилгаар оролцож, Газрын тээврийн хорооны гишүүн орны хувьд бодлогын түвшинд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвхитэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байна. 
Тус хуралдаанаар тээвэр дэх автоматжуулалтын шинэ дэвшилтэт техник, технологийг танилцуулах сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулагдаж буй бөгөөд бодлогын хэлэлцүүлгийн төгсгөлд төлөөлөгчдийн тэргүүн нар “Тээврийн автоматжуулалтын эринд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, интеграчлалыг сайжруулах нь” сэдэвт сайд нарын тунхаглалыг баталлаа. Мөн дэлхийн хэмжээний томоохон асуудлууд, Газрын тээврийн хорооны 2030 хүртэлх стратеги, Газрын тээврийн хорооны гишүүн болон Европын эдийн засгийн комиссийн гишүүн бус орнуудыг үйл ажиллагаандаа идэвхитэй оролцуулах зорилго дор хуралдаж байгаа аж. Энэхүү хуралдаанаар “Хөдөлгөөний аюулгүй байдлын сан” байгуулагдсаныг зарлаж, тус сангаас зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулахаар болжээ.