ЗАВХАН АЙМАГ ШИНЭ АВТОБУУДАЛ, ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО

A- A A+
ЗАВХАН АЙМАГ ШИНЭ АВТОБУУДАЛ, ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц АВТОТЭЭВРИЙН ТӨВ-үүдийг Архангай, Хэнтий, Дорноговь зэрэг аймгуудад ашиглалтад оруулж, стандартын шаардлага хангасан орчинд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс Завхан аймагт шинээр баригдах Авто вокзал, оношлогооны төвийн барилгын шавыг тавьлаа. 
Авто вокзал, оношлогооны төвийн барилгыг “Хөх хайрхан трейд” компани барихаар шалгарсан бөгөөд ирэх аравдугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулах юм. Тус барилга нь 337.3м2 талбайтай, гадна талбай 1000 м2, гадна зам талбайн тохижилт, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, ногоон байгууламж, гадна хашаа, автобусны зогсоолын саравч барьж байгуулах зэрэг ажлууд тусгагджээ.

Оношлогооны заал, хүлээлгийн танхим, Касс, Диспетчер, кафе, эх хүүхдийн өрөө, эмчийн өрөө, ажилчид, үйлчлүүлэгчдийн ариун цэврийн өрөө зэргийг багтаасан МУ-ын MNS 50:44 2010, MNS 63:00 2011 автовокзалын стандартыг хангасан байхаар төлөвлөгджээ. Завхан аймгийн автотээврийн төв нь өөрийн автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгагүй бөгөөд одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 35.4 мянган зорчигчид үйлчлэх автовокзал, 9.7 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх төв байгуулагдах аж.