ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил энэ долоо хоногт

A- A A+
ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил энэ долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс 2019 оны 05 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн гол ажлууд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.  

Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу 22 км урттай дугуйн зам болон явган хүний зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулахаар боллоо. Иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад зориулсан спортын талбай, багачуудын тоглоомын талбай, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоол бүхий цогцолбор байгуулах санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүд, холбогдох албаныхантай хотын дарга газар дээр нь очиж уулзаад, бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын яамны төлөөлөгчид нийслэлийн ЗДТГ-т зочилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийв. Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон энэхүү уулзалтын үр дүнд хотын Захирагч С.Амарсайхан, БХБ-ын сайд Х.Баделхан нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөр болон “972 айлын орон сууц”-ны төслийн ажлуудыг хурдацтай эхлүүлэх тал дээр санал нэгдлээ.

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар компанийн эзэмшилд байсныг хотын захирагч С.Амарсайхан гэрээг нь цуцлах захирамж гаргаснаар дээрх газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-т  хариуцуулан ажиллуулж эхэлсэн. Талбайн урд талын 2.5 га газарт ямар бүтээн байгуулалт, тохижуулалт хийх тухай төслийн уралдаан зарлахаар болсон тул тохижилтын ажил эхэлтэл нийслэлээс хариуцан авто зогсоолыг түр ажиллуулж эхэллээ.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 4000 орчим хүнийг хамруулсан “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг “Улаанбаатар” паласт зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан чуулганд оролцогчдод хандан “Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу энэ сарын 15-наас эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, түлүүлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэх гэж байгаа нэн чухал хариуцлагатай цаг үе бидний өмнө тулгараад байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн оролцоо чухал” хэмээн онцолсон.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас баасан гаригт Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид ашиглах лаг усгүйжүүлэх, 617.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “Пампак бодис худалдан авах” тендер болон, Сонгинохайрхан дүүргийн I, XX хорооны байр, Иргэний танхимын засвар, гадна фасадын ажил, IV, 26 дугаар хорооны байр, Иргэний танхимын засварын ажил гэсэн гурван тендерийн нээлтийг олон нийтэд ил тод зохион байгууллаа. Хотын захирагчийн санаачилгаар нийслэл дэх бүх тендерийг олон нийтэд нээлттэй, ил тод болгосноор Үнэлгээний хорооны гишүүдэд гаднаас нөлөөлөх нөлөөлөл, дарамт шахалт ирэх нь эрс багассан гэдгийг тус газрын дарга Э.Болормаа хэлэв. 

Хотын захирагч С.Амарсайхан Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын бүтээн байгуулалт дээр очиж, өнгѳрсѳн долоо хоногт тэнд ажиллахдаа өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгалаа. Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор тухайн орчинд ихээхэн тоосжилт үүсэж, зорчигч, тээврийн хэрэгслүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэвээр байгаа тул олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргах, мөн шороон замын тоосжилт дарах тусгай бодис ашиглах зэрэг асуудлуудыг шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн IV хороо, ХХЕГ-ын баруун талд байрлах 1.8 га газарт  нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тэнд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт талбай байгуулахаар зураг төсөл боловсруулсан. Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нөхцөл байдалтай биечлэн танилцаж, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулах, Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт талбай барихад зориулан яаралтай шийдвэрлэх, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өглөө. 

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы А/322 тоот захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд одоогоор 60 гаруй байршилд явган хүний зам, талбайг гаргаад байна. Өнгөрсөн пүрэв гаригт Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргуулсан нь оршин суугчид болон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдийн талархлыг хүлээлээ.  

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүтэц бүрэлдэхүүн, төрөл зүйлийг олшруулах, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн сайжруулах, эрдэмтэн судлаачдын сорил туршилтын үр дүнд батлагдаж шалгарсан арга технологийн дагуу мод, сөөг, өвслөг ургамлыг ногоон байгууламжинд нэвтрүүлэх зэрэг асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайхан ШУА-ийн холбогдох хүрээлэнгийн ургамал судлалын эрдэмтэн судлаач нартай санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын нэгдсэн төлөвлөгөө”-г хэлэлцэв. Улаанбаатар хотын 380 жилийн ойн арга хэмжээг “Бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээ”, “Нийгэм, спорт, соёл урлагийн арга хэмжээ”, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан, ажлын хэсэг байгуулжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс