Парисын Эх дагины сүмийг сэргээн засварлах хуулийн төслийг Францын Парламент баталлаа

Парисын Эх дагины сүмийг сэргээн засварлах хуулийн төслийг Францын Парламент баталлаа

Одоогоос сарын өмнө галд сүйдсэн Парисын Эх дагины сүмийг сэргээн засварлах тухай хуулийн төслийг Франц улсын Парламентын доод танхим дэмжин баталлаа. Сэргээн босгох, засварын ажилд хөрөнгө оруулсан хүмүүст татварын хөнгөлөлт олгох тухай зүйл заалт хуулийн төсөлд багтжээ. Парламентын доод танхимын гишүүд 13 цаг хэлэлцсэний дүнд шөнө дунд тус хуулийн төслийг дэмжин баталсан талаар AFP мэдээллээ.

Одоо холбогдох хуулийн төслийг Сенатын танхим хэлэлцэнэ. Парламентын дээд танхимын хэлэлцүүлэг ирэх 27-ны өдөр болох юм байна.

Парисын Эх дагины сүм буюу Нотр-Дамын цогчин дуганыг сэргээн засварлах ажилд хандив өргөж буй хүмүүст татварын хөнгөлөлт олгох зүйл заалт тус хуулийн төслийн гол зүйл заалтын нэг юм. Түүнчлэн сэргээн босгох ажлыг яаравчлахын тулд худалдан авах ажиллагаанд ч зарим нэг өөрчлөлт оруулах юм байна. Улмаар худалдан авах ажиллагааг хялбарчилж, шат дамжлагыг нь цөөлөх юм байна. Францын бэлгэдэл болсон 800 жилийн түүхтэй сүмийг сэргээн босгох ажилд зориулан хүмүүсийн өргөсөн хандивын мөнгийг хэрхэн зарлагадаж буйг хянаж, тайлагнах тусгай хороо байгуулахаар тус хуулийн төсөлд заажээ.

Парисын Эх дагины сүмд 2019 оны 4-р сарын 15-ны орой гал гарсан. Галыг 10 гаруй цагийн дараа дараа өдрийн өглөө нь бүрэн унтраасан. Сүмийн дээврийн хөндийд хийж байсан засварын ажлын үеэр богино холболт үүссэн, эсхүл оч үсэрснээр гал гарсан гэж мэргэжлийн байгууллага урьдчилсан дүгнэлт танилцуулсан. Одоогоор мэргэжлийн байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй байна. Сүмийн модон дээвэр бүхэлдээ шатаж, цамхаг нь нуран унасан.