УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хэргийг шалгаж байна

A- A A+
УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд нас барсан хэрэг гарсан. Уг харамсалтай хэрэг явдалтай холбоотойгоор сошиал сүлжээгээр янз бүрийн мэдээллүүд цацагдаж байгаа. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна" гэсэн байна.

Сануулахад,  Ардчилсан намаас өчигдөр /2019.05.18/ албан ёсоор Мэдэгдэл гаргахдаа  “Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна” гэсэн юм.