Хүчирхийлэл үйлдэж, хүүхэд жирэмслүүлсэн цагдаа нарыг ажлаас нь чөлөөллөө

A- A A+
Хүчирхийлэл үйлдэж, хүүхэд жирэмслүүлсэн цагдаа нарыг ажлаас нь чөлөөллөө

Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид насанд хүрээгүй сурагч охидыг хүчирхийлж, нэг сурагч жирэмсэн болсон гэх харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Хэргийн талаар тодруулбал, Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаа М нь тус сумын иргэн Н-ийг хүчирхийлсэн гэх мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн аймгийн цагдаагийн газарт өгчээ. Хэргийг шалгах явцад, сумын цагдаа М гэгч өөрийн шалгаж байсан хэргийн сэжигтэн М-ийн найз охин Н-ийг албан тушаалаараа далайлган хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Улмаар хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Дээрх хэргийг харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектын хэлтэст эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Мөн түүнчлэн Увс аймгийн Зүүнхангай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д гэгч нь насанд хүрээгүй хүнийг уруу татан удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлджээ. Энэ хэргийн улмаас сурагч охин жирэмсэлж, өнөөдрийн байдлаар зургаан сартай ураг тээж байна.

Хохирогч охиныг жирэмсэн болсон гэдгийг түүний аав мэдээгүй явсан бөгөөд хөдөө явахдаа хэсгийн цагдаагаас охиноо харж хандаж байхыг хүсдэг байжээ. Энэ хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдсон учраас аймгийн удирдлагууд хэргийг нуун дарагдуулах оролдлого хийсэн гэх мэдээлэл бий. Түүнчлэн хохирогчийн тээж буй ургийг авахуулах мэс ажилбар хийлгэх талаар аймгийн нийгмийн хэлтсийнхэн хүсэлт гаргасан ч Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар охины эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзэн татгалсан хариу өгчээ. Одоогоор охиныг Увс аймаг дахь Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамгаалалтад аваад байгаа ба хүчирхийлэл үйлдсэн цагдаагийн алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх хэргүүдийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн сахилга ёс зүйтэй холбоотой хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж хэрэгжсэн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга буюу Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан даргын чиглэлийн дагуу цагдаагийн алба хаагчийн ёсзүй, үүрэг хариуцлагад голчлон анхаарах, алдаа дутагдлыг олж илрүүлэх үүргийн дагуу ажиллаж байгаа.

Дээрх хэргийн талаар ирсэн мэдээллээр бол, Увс аймгийн цагдаагийн газар дотоод хяналт шалгалт явуулж энэ хэргийг илрүүлсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчийн ёсзүйг ноцтой зөрчсөн гэх асуудлаар алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан. Харин үйлдсэн гэмт хэргийн талаарх асуудлыг Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж, прокуророос харьяалал тогтоон Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын хэлтэст шилжүүлсэн. Энэ хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгагдаж байна” гэлээ.