Украинд Ерөнхийлөгчийн засаг захиргааны томилгоо хийгдэж байна

A- A A+
Украинд Ерөнхийлөгчийн засаг захиргааны томилгоо хийгдэж байна

Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский Ерөнхийлөгчийн засаг захиргааны томилгоонуудаа хийж эхэлжээ. Төрийн тэргүүний албан ёсны сайтад Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн, дэд тэргүүн, Ерөнхий штабын шинэ даргыг томилох тухай зарлиг нийтлэгдсэн байна.

Тухайлбал, Украины Ерөнхийлөгчийн засаг захигааны тэргүүнээр Андрей Богдан ажиллахаар болж байна. Тэрбээр өмнө нь Владимир Зеленскийн Хууль зүйн асуудал эрхэлсэн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэрбээр 2007 онд “Манай Украин-Ардын өөрийгөө хамгаалалт” эвслээс парламентын сонгуульд оролцож, тухайн ондоо Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан.

Харин 2014 онд Украины олигарх Игорь Коломойскийг мужийн амбан захирагч байхад албан бус зөвлөх нь болсон юм. Украины олигарх Коломойский ч Богданыг хувийн өмгөөлөгчөө гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Богданаас гадна Украины Ерөнхийлөгчийн нэгдүгээр туслахаар “Хороолол-95” студийн уран сайхны удирдагч асан Сергей Шефир томилогдсон тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ.