Дональд Трампын төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө

A- A A+
Дональд Трампын төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Япон улсад хийж байгаа төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Дональд Трамп өнөөдөр айлчлалаа дуусгахаас өмнө Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн хамтаар тус улсын "Ёкосуга" цэргийн баазад очиж, байлдааны үеийн бэлтгэл байдалтай нь танилцана.

"Ёкосуга" цэргийн баазад Японы тэнгисийн цэргийн хамгийн том сөнөөгч хөлөг болох "Кага" усан онгоц байрладаг. Тус улс энэ хөлгөө сэргээн засварлаж, АНУ-аас худалдан авах гэж байгаа F35 үл үзэгдэгч сөнөөгч онгоц тээвэрлэх, тээвэрлэгч онгоц болгон ашиглахаар төлөвлөж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хөлгийн үйл ажиллагаатай танилцана гэсэн мэдээлэл байна.

Дараа нь тэрбээр Японы байлдааны хөлгийн ойролцоо байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн довтолгооны хөлөг онгоцны байдалтай танилцаж, Япон дахь америк цэргүүдэд хандан үг хэлнэ. Дональд Трамп тэнд бүс нутгийн зөрчилдөөнийг зогсоохын ач холбогдлын талаар онцлон ярихаар төлөвлөж буй юм байна.

Тэрбээр даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ, Япон хоёр улс ямар бат бэх холбоотон болохыг дэлхий нийтэд харуулах хүсэлтэй гэдгээ хэлсэн байна. Өнөөдөр үдээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад хийсэн дөрвөн өдрийн айлчлалаа өндөрлөх юм.