НҮБ-ын тэргүүн Австри улсад айлчилж байна

A- A A+
НҮБ-ын тэргүүн Австри улсад айлчилж байна

​НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Австрийн нийслэл Вена хотноо ажлын айлчлалаар очжээ. Австрийн парламентад улсынхаа канцлер Себастьян Курцад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг үргэлжилж байх хооронд Австрийн ерөнхийлөгч Александер Ван дер Беллен НҮБ-ын тэргүүнийг хүлээн авч уулзсан байна.

Венад болсон уулзалтын үеэр хэлэлцсэн гол сэдэв нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал байжээ. Австри улс олон жилийн туршид хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн цаг уурын дулаарлын асуудалд онцгой анхаарал хандуулан ирж, энэ хүрээнд улс орнуудын хүрээнд хийгдэж байгаа олон асуудалд оролцож байсан юм.

Австри улсын санаачлагаар R20 уулзалтыг зохион байгуулж, дэлхийн бүс нутаг, газар орон, хот суурин газруудад хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөө боловсруулан, НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах зорилго чиглэл баримтлан ажилласаар иржээ. Түүнчлэн Австри улс нь Парисын уур амьсгалын асуудлаарх гэрээнд ч мөн нэгдэн, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч улс орнуудын нэг юм.

НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Австрийн ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Номхон далайн бүсийн улс орнуудаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар хийж эхлүүлсэн тойрон айлчлалынхаа үйл явц, үр дүнгийн талаар хуваалцаж, өнөөдөр хүн төрөлхтөн энэ асуудалд онцгой анхаарал хандуулах цаг нэгэнт болсныг, харанга дэлдэх цаг болсныг ойлгуулах нь чухал байгааг тэмдэглэн хэлжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга түүнчлэн дэлхийн улс орнуудын тэргүүлэгчдийг ирэх 9-р сарын 23-нд Америкийн Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын төв штабт хүрэлцэн ирж, хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар нэг дор хуран цуглаж, асуудлаа хэлэлцэх цаг ирснийг тэмдэглэсэн байна.