Мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

A- A A+
Мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Хөдөө аж ахуй хүнсний сайд ноён Дидиэр Гиюүмтай танилцах уулзалт, тус яамны хүнсний асуудал эрхэлсэн зөвлөх ноён Бруно Феррейратай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд хоёр орны  хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байгаад санал нэгдэж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон  юм. 

Айлчлалын хүрээнд Франц улсаас амьд үхэр экспортлоход тавигдах эрүүл ахуйн гэрчилгээг тохирох зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Малын ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэлээр ахлуулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн баг тус улсад эрсдлийн үнэлгээг хийсний үндсэн дээр уулзалтын үеэр эрүүл ахуйн гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү баримт бичгийг байгуулснаар Бүгд найрамдах франц Улстай хамтран мал аж ахуйн салбарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх цаашлаад монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа. 

Мөн талууд хоёр орны хооронд хамтран ажиллах баримт бичгүүдэд шаардлагатай өөрчлөлтийг оруулан шинэчлэн байгуулах, хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийг энэ онд багтаан зохион байгуулах,  Монгол Улсын онцлог бүтээгдэхүүн болох Увсын чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэн олон улсын зах зээлд импортлох боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг тус улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Түүнчлэн айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид Франц Улсын алдарт Адепта группын шугамаар сүүний чиглэлийн монбелиард үүлдрийн үхрийн аж ахуй, махны чиглэлийн лимүзин болон шаролез үүлдрийн үхрийн аж ахуйд тус тус зочлон үйл ажиллагаатай нь танилцаж эдгээр үхрийн сүү, махны гарц, ашиг шимийн талаар туршлага солилцож хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн юм.