Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форум Улаанбаатар хотноо энэ сарын 5-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн форум нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
“Транзит Монгол-2017” анхны форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо, “Транзит Монгол-2018” форум ОХУ-ын нийслэл Москва хотноо тус тус зохион байгуулагдаж байв.
Жил дараалан энэхүү форумыг зохион байгуулсны үр дүнд Монгол Улсын нутгаар дамжин тээвэрлэгдэх ачааны хэмжээ өсөж, нэн ялангуяа манай улсын нутгаар дамжин өнгөрөх Ази-Европын хоорондох чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдсэн билээ.
Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байна.
Энэхүү өсөлт нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа хөрш орнуудын төмөр замын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм.

















