Видео: Монголын сагсчид дэлхийг шуугиулж, фэнүүдээ огшоов

A- A A+
Видео: Монголын сагсчид дэлхийг шуугиулж, фэнүүдээ огшоов

Монгол Улс энэ өдрүүдэд сагсан бөмбөгөөр амьсгалж байна. Сагсан бөмбөг сонирхогчид Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр өнжиж, дэлхийн шилдгүүдийн тоглолтыг шимтэн үзэж сууна. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрлийн гурван том тэмцээн Сүхбаатарын талбайд энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Энэ гурван тэмцээнээс хамгийн сонирхол татаж байгаа нь 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Монголд зохион байгуулагдаж байгаа анхны багийн спортын дэлхийн аваргын тэмцээн гэдгээрээ онцлогтой энэ тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг оролцож байна. “FIBA 3x3 U18 World Cup 2019” тэмцээнд манай эрэгтэй баг Америк, Латви, Гүрж, Беларусийн шигшээтэй C хэсэгт орсон. Өчигдөр эхний хоёр тойргийн тоглолт болж, манай эрэгтэй сагсчид хоёр том ялалт байгуулан, хөгжөөн дэмжигчдээ огшууллаа. Фэнүүд багийн спортоор Монголын шигшээгээ дэмжиж, ингэж баярлаж байсан явдал цөөхөн билээ. Эхлээд манайхан дэлхийн чансаагаар 4-т бичигддэг хүчирхэг Латвийн багтай тоглож, 20-16 харьцаатай яллаа.

Дараа нь Беларусийн шигшээ багийг 21-15 харьцаагаар хугацаанаас өмнө хожиж, бас нэгэн баяр монголчууддаа бэлэглэсэн.

Манай баг дараагийн тоглолтоо 6-р сарын 6-нд: 18:30 цагаас Гүрж – Монгол 20:30 цагаас Америк – Монгол хийнэ. “FIBA 3х3 U18 Cup 2019” тэмцээний эхний 2 өдрийн байдлаар “Мэргэн бууч”-ийн жагсаалтыг Монголын багийн тоглогч Ш.Энхийн-Од авсан байна. Шараваа гавьяатын хүү ОХУ-н багийн Данил Чикаревтай хамт 22 оноогоор нэгт бичигдэж байна.