​БНХАУ-ын дарга Ши Жинпин хойд хөршид айлчлал хийж байна

A- A A+
​БНХАУ-ын дарга Ши Жинпин хойд хөршид айлчлал хийж байна

БНХАУ-ын дарга Ши Жинпин манай хойд хөршид төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ордонд БНХАУ-ын хамтрагч Ши Жиньпиныг хүлээн авч уулзан, талууд хамтарсан яриа хэлэлцээрээ амжилттай явуулжээ.

Кремльд болсон уулзалтаар Хятад болон Оросын талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн олон улсын анхаарал татсан сэдвүүдээр санал бодлоо солилцсон байна. 

 Кремльд болсон уулзалтын үеэр талууд хоёр улсын хооронд худалдааны 25 гэрээ хэлцэл байгуулан гарын үсэг зурж, хамтарсан хоёр мэдэгдэл гаргасан байна. Орос Хятадын төрийн байгууллага, компаниудын хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд хоёр улсын төрийн тэргүүн нар байлцжээ. Оросын “Росатом” болон Хятадын төрийн цөмийн аж үйлдвэрлэлийн корпорацийн хооронд “Сюйдапу” цөмийн цахилгаан станцын 3 болон 4-р блокт тоног төхөөрөмж угсралтын ажлын гэрээ байгуулсан бол Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болоод Хятадын хөрөнгө оруулалтын корпорациуд хамтран Орос- Хятадын эрдэм шинжилгээ, техник, инновацийн нэгдсэн сан байгуулахаар тогтож, тэрбум долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн Путин Ши Жиньпин нар Кремльд хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үеэр олон улсын анхаарал татсан сэдвүүд, аюулгүйн асуудлууд мөн эдийн засгийн харилцааны талаар хөндөн хэлэлцжээ. Уулзалтын үеэр Москва, Бээжингийн талууд Солонгосын хойгийн асуудлаар байр сууриа нэгтгэж, Венесуэлын хямралыг тогтворжуулж, Сирийн асуудлаар хамтарч ажиллахаар тогтжээ. Түүнчлэн зэвсэглэлийн хяналтын асуудал, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэггүйжүүлэх ажиллагаа зэргийн талаар мөн хөндөн хэлэлцсэн байна. Путин, Ши Жиньпин нар түүнчлэн НҮБ, Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон улсын тавцанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.