ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд “Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна

A- A A+
ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүдэд “Эх оронч хөвгүүд” лекц, сургалт зохион байгуулна

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван, Монгол Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар, Гавьяат багш Б.Галиндэв нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм.  

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зургаадугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд Ерөнхий боловсролын ахлах ангийн хөвгүүдийн дунд “Эх оронч хөвгүүд” сэдэвт лекц сургалтыг зохион байгуулах гэж байна. Мөн энэхүү сургалтыг нийслэл хотын есөн дүүргийн Боловсролын газартай хамтран бүсчилсэн хэлбэрээр цаашид зохион байгуулна” гэв.

Энэхүү арга хэмжээний зорилго нь өсвөр насны хөвгүүдэд монгол эр хүний түүхэн гавьяа, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах чадвартай болгохын зэрэгцээ  зааж номлох, онолдох, шүүмжлэхээс татгалзаж, үлгэрлэн дагуулах хандлагыг суулгах, өрхийн тэргүүний үүрэг хариуцлага хийгээд архины далд хор хөнөөлийг ухамсарлуулах, ирээдүйн иргэдийг ёс суртахуунтай, зөв төлөвшилтэй иргэн болгож хүмүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран лекц сургалт зохион байгуулж байгаа гэдгээ Гавьяат багш Б.Галиндэв хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс