Жүжигчин Анжелина Жоли Колумбид ажиллав

A- A A+
Жүжигчин Анжелина Жоли Колумбид ажиллав

НҮБ-ын Олон улсын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагын сайн дурын элч, жүжигчин Анжелина Жоли Колумбид ажиллаж байна. Тэрээр Колумбийн ерөнхийлөгч Иван Дукетэй уулзаж, түүнтэй хамт Венесуэлын хилтэй залгаа дүрвэгсдийн хуарангаар орж, тэндхийн нөхцөл байдалтай танилцжээ.

Колумбид өнөөдрийн байдлаар Венесуэлын 1,3 сая мянган иргэн дүрвэн амьдарч байгаа юм. Венесуэлд улс төр, нийгмийн хямрал үүсч, эдийн засаг нь доройтсоноос иргэд нь хөрш зэргэлдээх улс орнууд руу дүрвэх болжээ.

Венесуэлтэй залгаа Колумби улс энэхүү нөхцөл байдалд тайван хандаж, улсынхаа хилийг хаагаагүй төдийгүй Венесуэлын дүрвэгсдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа юм. 

Холливудын жүжигчин дүрвэгсдийн хуарангаар явж танилцах үеэрээ Венесуэлын хэдэн мянган хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж, эцэг эх нь эх орноосоо дүрвэсэн хойно шинээр мэндэлсэн хүүхдүүдэд иргэншил олгох асуудлыг сөхөн тавьжээ. Ийм нөхцөлд, эх орноосоо хол, өөр улсын хил дээр Венесуэлын 25 мянган хүүхэд мэндэлжээ. Жоли Колумбийн ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа дэлхийн улс орнуудад хандаж Венесуэлын дүрвэгсдийн хөлд хамгийн их дарагдсан Колумби, Перу, Эквадор зэрэг улс оронд үзүүлэх тусламжийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд уриалжээ. НҮБ-ын мэдээлж байгаагаар Венесуэлын 4 сая гаруй иргэн эх орноо орхин гадагшаа дүрвэсэн байна.