С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив

С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буй талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ.

Тэрбээр 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группын ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Улмаар 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс