БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна

A- A A+
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна

Хятадын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна. Энэ тухай Хятадын Коммунист намаас “Ши Жиньпин дарга пүрэв, баасан гарагт Умард Солонгост албан ёсны айлчлал хийнэ” гэж мэдээлснийг төв телевизээр нь дамжуулжээ.

Ши Жиньпин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, хоёр улсын 70 жилийн харилцааг эргэн харж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно гэсэн мэдээлэл байна. Мөн Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх улс төрийн шийдвэрүүд, арга замын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ажиглагчид энэ талаар “Хятадын тал энэ сарын сүүлчээр Осака хотод болох "Их-20"-ийн уулзалтын үеэр байр сууриа өсгөж харуулахыг хүсч байна” гэж тайлбарлаж буй юм байна.

Энэ зуурт Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ши Жиньпиний айлчлалыг Хятадын талаас зарласан хугацаанд болно гэж мэдээлсэн байна. Мөн удирдагч Ким Жон Уны урилгаар айлчилна гэсэн байна.

Хятадын дарга Ши Жиньпин Умардад хийх айлчлал түүнийг 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш, мөн Хятадын даргын хувьд сүүлийн 14 жилийн хугацаанд хийж байгаа анхны айлчлал болох юм байна.