Монгол, Японы цэргийн хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлов

A- A A+
Монгол, Японы цэргийн хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлов

Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын командлалын штабын орлогч дарга, дэслэгч генерал Такаюуки Онозүакаг Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хүлээн авч уулзаж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хошууч генерал А.Ганбат манай сайхан оронд тавтай морилохыг хүсээд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Ялангуяа хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа нь бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт болоод цэргийн боловсон хүчин сургах, "Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургуульд цэргийн багаа оролцуулах зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгааг онцолсон юм. Харин дэслэгч генерал Такаюуки Онозүака "Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал хамтран 17 дах жилдээ зохион байгуулж байгаа "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургуульд Япон улс нь 2008 оноос хойш тасралтгүй оролцож байна. Энэхүү олон улсын сургуульд оролцсоноор манай цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагааны чиглэлд арвин туршлага хуримтлуулж байна" хэмээн онцлоод цэргийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан юм.  Уулзалтад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нарын албаныхан байлцав.