Дэд сайд Б.Мөнхбаатар компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөлтэй танилцлаа

A- A A+
Дэд сайд Б.Мөнхбаатар компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөлтэй танилцлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мянганы сорилтын  хоёр дахь Компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.   Компакт гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламж олгох юм. Энэ хүрээнд гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барих ажлууд үе шаттай хийгдэж, Улаанбаатар хотын нийт усан хангамж сайжрах боломж бүрдэх юм.

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар Мянган сорилтын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, дээрх компакт гэрээний хүрээнд хийгдэх төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо.

Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд:
1.    Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа: Шинээр эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг байгуулах төсөл
2.    Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа: ТЦБ-аас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл  
3.    Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаa: Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрх зүйн орчин, холбогдох байгууллагуудын чадавхийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэглээг газрын доорх усны баруун эх үүсвэрээс хангах төслийн хүрээнд Шувуун фабрик, Биокомбинат эх үүсвэрийн орчимд 52 ширхэг гүний худаг, Ус цэвэршүүлэх үйлдвэр, Дамжуулах шугам хоолой, Насос станц, Усан сан зэргийг байгуулах юм. 

Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг АНУ-ын АЕСОМ компани 2017 оны 6-р сараас 2018 оны 11-р сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. ТЭЗҮ-ийг боловсруулахад мэргэжлийн санал зөвлөгөө авах, Монголын талын оролцоог хангах зорилгоор ажлын хэсгүүдийг зохион байгуулж, мэргэжлийн шинжээчдийн багийн оролцоог хангаж ажиллажээ.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ