Камбож улсын төлөөлөгчид Монгол Улсын орон нутгийн эдийн засгийн хөгжлийн туршлагаас судаллаа

A- A A+
Камбож улсын төлөөлөгчид Монгол Улсын орон нутгийн эдийн засгийн хөгжлийн туршлагаас судаллаа

Үндэсний хөгжлийн газар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхийн эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлого, эдийн засгийн төлөвлөлтийг хэрхэн хийж, хэрэгжүүлдэг арга зүй, хөрөнгө оруулалтыг татах бодлого, хөнгөн, хүнсний чиглэлийн жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор Камбожийн Хаант Улсын гурван аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Хөгжил, хөрөнгө оруулалтын газрын дарга нараас бүрдсэн төлөөллүүд 2019 оны 6 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.

Уг туршлага судлах айлчлалын хүрээнд Камбож Улсын төлөөлөгчид 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон холбогдох газрын дарга нартай уулзаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал солилцлоо. Түүнчлэн уулзалтын дараагаар Камбож Улсын төлөөлөгчид Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Invest in Mongolia” нэг цэгийн үйлчилгээний төвөөр зочлон, тус төвийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, туршлага судаллаа. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод Аймгийн Засаг даргын тамгын газрын газар, хэлтэс, албадын дарга нартай уулзаж, аймгийн эдийн засгийн бодлого төлөвлөлтийн туршлагатай дэлгэрэнгүй танилцлаа. Төв  аймаг нь Камбож улсын Сием Рийп хоттой холбоотой ажилладаг ба бусад аймгуудтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Үүний дараа Хөшигийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудал, түүнийг дагасан хот, дэд бүтцийн төлөвлөлт болон Төв аймгийн хөгжлийн хэтийн төлөвлөлттэй дэлгэрэнгүй танилцсан. 2019 оны 6 дугаар сарын 12-нд Төв аймагт үйл ажиллагаа эрхэлдэг хөнгөн, хүнсний чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тухайлбал зочид “Могол ноос” компанийн ээрэх үйлдвэр болон оёдлын үйлдвэртэй танилцсан. Мөн “Атрын шим” компанийн хүлэмжийн аж ахуй, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо. Мөн тус өдөр Улаанбаатар хотод “ТESO” группийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, зайрмагийн үйлдвэр, “OB” компанийн сав баглаа боодлын үйлдвэрүүдтэй танилцсан. Камбож улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрүүдээс бүрддэг. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр туршлага судлах аяллын үр дүнг бататгах семинарыг зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газрын асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд болон Монгол Улсын Их Сургуулийн багш, эрдэмтэд оролцож бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөвлөлт, түүний хэрэгжилтийн талаарх асуудлаар Камбожийн төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, санал солилцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
Үндэсний хөгжлийн газар нь цаашид Камбожийн Хаант Улсын Сэргээн босголт, хөгжлийн зөвлөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Камбожийн Хаант Улсын Сэргээн босголт, хөгжлийн зөвлөл нь яам, агентлагуудтай хамтран ажиллаж, улсын нийгэм, эдийн засаг, салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөгөөг уялдуулах боловсруулах чиг үүрэгтэй байгууллага юм.