“Шинэ-Эрин дунд сургуулийн шалгалтын комисс уучлал гуйсан ч дахин шалгалт явуулахыг хүсэж байна”

A- A A+
“Шинэ-Эрин дунд сургуулийн шалгалтын комисс уучлал гуйсан ч дахин шалгалт явуулахыг хүсэж байна”

Энэ жил Шинэ-Эрин дунд сургуульд элсэхээр 1,250 орчим хүүхэд бүртгүүлж, өнгөрсөн Ням гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр 11:00 цагаас нийт 1,236 хүүхэд элсэлтийн шалгалтад оржээ. Гэвч шалгалтын бодлого буруу байсан учраас эцэг эхчүүд БСШУСЯамд гомдол гаргасан тухайгаа бидэнд мэдээлсэн юм. Эцэг эхийн төлөөлөл "Тухайн шалгалтын А вариантын 40, 28 дугаар бодлого, Б вариантын 40,18 дугаар бодлогын хариу зөрсөн, алдаатай байсан талаар зарим хүүхэд шалгалтын үеэр багшдаа хэлсэн байсан. Гэвч шалгалтын комисс "алдаа байхгүй" хэмээгээд бодлогоо бодохыг зөвлөсөн байсан. Шалгалтын хариу тухайн өдрийн 21:00 цагт гарсан. Маргааш нь буюу 17-ны өдөр 15:00 цагт тухайн бодлого алдаатай байсан гэдгийг шалгалтын комисс бидэнд мэдэгдэж уучлал гуйсан. Харин дахин шалгалт явуулах боломжгүй гэсэн юм. Бидний хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа учраас дахин шударгаар шалгалт явуулах хүсэлтэй байна. Иймээс бид БСШУСЯ-нд гомдол гаргасан. Тиймээс бидний гомдлыг хүлээж авч шударгаар шийдэж өгөх байх гэж найдаж байна" хэмээн ярилаа. Тухайн сургуулийн элсэлтийн шалгалтын хураамж нэг хүүхдийн 25 мянган төгрөг байдаг. Харин элсэлтийн шалгалт өгсөн 1,236 хүүхдээс энэ жил ердөө 48 хүүхдийг элсүүлнэ. Мөн шалгалтын бодлого буруу болохыг мэдсэнийхээ дараа шалгалтын комисс сургуулийн цахим хуудаст байрлах шалгалтын хариуг нь өөрчилсөн болохыг эцэг эхчүүд онцолж байв. Бид болсон явдлыг тодруулахаар сургуулийн удирдлагатай холбогдох гэсэн боловч утсаа унтраасан байв. БСШУСЯамны Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Батцэцэгээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа. Тэрбээр "Өнөөдөр манай яаманд Шинэ-Эрин сургуульд элсэхээр шалгалт өгсөн эцэг эхчүүдээс гомдол ирсэн. Гэвч манай яамны зүгээс тус гомдлыг шийдвэрлэх боломжгүй. Учир нь Шинэ-Эрин сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг өмнө нь Боловсролын үнэлгээний төв хариуцаж явуулдаг байсан. Харин тус сургуулийн үйл ажиллагаа хоёр жилийн өмнөөс жигдэрсэн болохоор элсэлтийн шалгалтын үйл ажиллагаагаа тухайн сургууль шалгалтын комисс гарган өөрөө хариуцаж явуулах болсон" гэсэн юм. "Шинэ Эрин" дунд сургууль нь БCШУCЯ-ны харьяа, Кембриджийн их сургуулийн олон улсын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг төрийн өмчит сургууль юм. Хүүхдүүд тус сургуульд дунд ангиасаа буюу зургаадугаар ангиасаа элсэн ордог байна. Алдаатай болон засагдсан бодлогын хувилбарыг өгсөн юм.

ЗАСАГДСАН / ЗАСАГДААГҮЙ