НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас мэндчилгээ ирүүлжээ

A- A A+
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас мэндчилгээ ирүүлжээ

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жерардье мэндчилгээ ирүүлсэн байна. Мэндчилгээнд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн даргын хувиар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 2018 онд ОБЕГ-тай хамтран зохион байгуулж, та бүхний ур чадвар, мэргэжлийн түвшинг харж, гэрч болох завшаан тохиосон билээ. Тус хурал нь Монгол Улс болон ОБЕГ-ын бүс нутаг дахь манлайлыг харуулсан хурал болсон. Хурлаас батлагдан гарсан “Улаанбаатарын тунхаглал” болон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн үйл ажиллагааны хоёр жилийн төлөвлөгөө” нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлж байна. “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг 2017 онд шинэчлэн батлуулж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги (2017-2030)”-ийг батлуулахад ОБЕГ-ын алба хаагчид маш их хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол Улсын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад бүх аймгууд нэгдэн орж, орон нутгийн гамшгийг тэсвэрлэх үнэлгээ хийлгэсэн Ази, Номхон далайн бүс нутгийн анхны улс орон болсон билээ. Дэлхий ертөнцийн хөгжил дэвшил, сайн сайхны төлөө гамшгийн үр дагаврыг үл тоомсорлож болохгүй. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь бүс нутагтаа өөрчлөлт шинэчлэлтийг авчрахад зайлшгүй шаардлагатай түнш гэдгээ батлан харуулсан юм. Энэ өдрийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Мөн та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.