ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА

A- A A+
ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Швейцарын Холбооны улсын Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Марина Кароббио Гүшэттитэй 6 дугаар сарын 24-ний өдөр уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Үндэсний Зөвлөлийн дарга М.К.Гүшэтти нар Монгол, Швейцарын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжин улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж буйг онцолж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, зам тээвэр, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар байр сууриа илэрхийлэв. Мөн хоёр орны хооронд байгуулсан Давхар татварын хэлэлцээрийг шинэчлэх, Европын Чөлөөт худалдааны холбоо /EFTA/-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, хувийн хэвшлийхний хамтын ажиллагааг дэмжих замаар Швейцарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэн энэхүү хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд хоёр орны хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн ажиллахаар болов. ШХУ-ын Үндэсний Зөвлөлийн дарга М.К.Гүшэттигийн айлчлал нь УИХ-ын дарга Г.Занданшатарын өнгөрсөн 3 дугаар сард ШХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр орны хооронд дидломат харилцаа тогтоосны 55 жил, Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны төлөөлөл Монгол Улсад бий болсны 15 жилийн ойтой давхцаж буй онцлогтой юм.