Иран улс уран баяжуулалтын хүчин чадлаа нэмэгдүүлнэ

A- A A+
Иран улс уран баяжуулалтын хүчин чадлаа нэмэгдүүлнэ

Иран улс 2015 оны олон улсын цөмийн гэрээнд заасан туршилт судалгааны ажилтай холбоотой журмыг дагаж мөрдөхгүй гэдгээ мэдэгдэж байна.  Тегераны эрх баригчид энэ сарын 27-ноос эхлэн уран баяжуулахад тавигдах хязгаарлалтыг дагаж мөрдөхгүй гэдгээ илэрхийлжээ.

Иран улс энэ сарын 27-ноос эхлэн баяжуулсан ураны үйлдвэрлэлд олон улстай байгуулсан гэрээний дагуу тавигдаад байсан хязгаарлалтыг хүчингүйд тооцон, олборлолт баяжуулалтынхаа хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Ираны цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлж байгаагаар Тегеран уран үйлдвэрлэлийн хэмжээгээ 4 дахин нэмэгдүүлэх гэнэ. Боловсруулсан ураныг цөмийн эрчим хүчний станцад зориулж ч, мөн цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ч ашигладаг юм. Ийнхүү Иран улс өөрийн эрх ашгийн хүрээнд олон улсын гэрээний зүйл заалтыг зөрчиж байгаа нь АНУ олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гарч, Тегераны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэнтэй холбоотой юм.

Хэдийгээр Вашингтоны энэ алхмаас болж 2015 онд олон улсын “5+1” бүлгийн Иран улстай байгуулсан гэрээний хувь заяа тодорхойгүй болсон ч Европын улс орнууд энэхүү гэрээг аварч, хадгалж чадна гэсэн итгэл найдвар тээж байна. Гэрээнд нэгдэгч Их Британи, Франц, Герман улсууд Ираны талыг олон улсын гэрээний үндсэн зүйл заалтуудыг зөрчихгүй байхад ятгах бодолтой байна.