Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав
Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцуулсан юм. Тэрбээр, “Албан даалгаврын хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүллээ. “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд 16 255 иргэн өөрийн хөрөнгөөр  2 тэрбум 188 сая төгрөг, 5770 байгууллага, аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 12 тэрбум 960.6 сая төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийсэн. Зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй зөрчил бүхий 103 хаяг, мэдээллийн байгууламж, 30 хулдаасан хэвлэл, 15 түр самбар, 26 тулгуурт байгууламжийг албадан буулгав. Мөн ногоон байгууламжийн мод сөөгний хэлбэржүүлэлтийн жилийн хүрээнд 2019 оны гуравдугаар сараас Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Хан-Уул ТҮТ ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК ХХК-ууд хариуцсан гудамж талбайд 10.773 мод, 35.800 ургамлан хашлага хэлбэржүүлж, 120.000 ам метр зүлэгжүүлэлт хийгдээд байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн шон дээгүүр зөвшөөрөлгүй татсан шилэн кабелиудыг цэгцлэх, албадан буулгах, гэрэлтүүлгийн шонгийн аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр 2019.04.15-2019.06.15-ны хооронд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 13 байгууллагууд өөрсдийн хүн хүч, машин техник, нөөц бололцоогоо ашиглан өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын 71 гудамжаар татагдаад байсан 93 393м кабелийг цэгцэлж, 20000м кабелийг албадан буулгаж устгалд орууллаа” хэмээв. Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хэрэгжилтийн талаарх товч мэдээлэл хийв. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Дүүргийн Магсаржав, Замчдын гудамжинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны тохижилтыг сайжруулахаар шаардлага тавьж, хугацаатай мэдэгдэх хуудас өгч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний санал авах зэрэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 50 метр орчмын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ гүйцэтгэх талбайг хариуцуулсан зураглалыг хог хаягдлын олон нийтийн байцаагчаар хилийн зурвасыг тогтоолгож, хорооны Засаг даргаар баталгаажуулах ажлыг 2019.04.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж 303 байгууллагын гадна орчны 50 м газрын зураглал хийлгэн мэдээллийн сан үүсгэж, шаардлага тавьж ажилласнаас хаягаа солиулсан 21, ногоон байгууламж тариулсан 28, ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав суурилуулсан 15, гадна болон дотор талдаа камер хийсэн 29 байгууллага буюу нийт 93 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тохижилтын ажил хийлгэсэн” гэв. Хан-Уул дүүргийн Засаг дарга С.Алдаржавхлан “Давхардсан тоогоор 36 ил задгай худалдаа, сүүдрэвч, ТҮЦ эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлсэн. “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл” 18 ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч сонсох ажиллагаа хийсэн. Нийтийн эзэмшлийн зам талбайн  285  гэрэлтүүлгийн шон хоорондын 8550 урт метр цахилгааны утсыг стандартын дагуу цэгцэлсэн” хэмээв. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Дүүргийн төсвийн хөрөнгөөр нутаг дэвсгэрийн хэмжээнд зургаан чиглэлд 88 дундын болон эцсийн зогсоол байдгаас шаардлагатай байршлуудад саравч хийх зураг төсөв гарган байршлын судалгаа хийгдэж таван байршилд буюу 12 дугаар хороонд хоёр ширхэг, 17 хороонд нэг ширхэг, 18 хороонд нэг ширхэг, 19 дүгээр хороонд нэг ширхэг саравч байрлуулан хүлээн авсан” гэсэн юм. Дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг сонссоны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Дүүргийн Засаг Дарга болон хороодын Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрт тогтмол биечлэн ажиллаж холбогдох үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг хангуулах. Аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох дүрэм журмыг сурталчилж мэдээллээр хангах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууцны хороолол доторх орчныг тохижуулах, арчлах, цэвэрлэх, сандал, хогийн сав, хогийн бункер, цинкэн савнуудыг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, ариутгаж халдваргүйжүүлэх, гэрэлтүүлгийн болон гэрлэн дохионы шон дээр нааж буй зарыг тухай бүрт нь хуулж, цэвэрлэх, арга хэмжээ авах, мэргэжлийн байгууллагуудтай уялдаж ажиллахыг онцгойлон анхааруулж, энд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн  Хог хаягдлын тухай хуульд дүүргийн Засаг дарга нар хог цэвэрлэх цуглуулах тээвэрлэх компанийг тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулах гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг Даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний 285 дугаар захирамжаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Хог цуглуулалт тээвэрлэлт бүрэн хийгдэхгүй байгаа тул машин техник хүрэлцэхгүй байгаа хорооддоо хуулийн дагуу тендер зарлаж хог тээвэрлэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг анхааруулж байна гэсэн тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс