МОНГОЛ, ПОЛЬШИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

A- A A+
МОНГОЛ, ПОЛЬШИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал болон Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодтой харилцах асуудал эрхэлсэн дэд сайд ноён Мачей Ланг Монгол Улсад 2019 оны 7 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд айлчилж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Польшийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөхуулзалтыг ГХЯ-нд 7 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав. Хоёр орны Гадаад хэргийн дэд сайд нар тэргүүлсэн энэхүү зөвлөлдөх уулзалтаар Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, хууль сахиулах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Мөн хоёр тал 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг  хамтран тэмдэглэхээр тохиров.

Дэд сайд М.Ланг Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн Польш Улс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, ялангуяа батлан хамгаалах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр ложистик, барилга, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Польш Улс Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээхтэй холбогдуулан судалгаа, бэлтгэлийг эхлүүлсэн болохыг польшийн тал мэдэгдэв.

Дэд сайд М.Лангийн айлчлалыг тохиолдуулан МҮХАҮТ, Монгол Улс дахь Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн төлөөлөгчийн газар хамтран Монгол, Польшийн бизнес форумыг 7 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав. Бизнес форумд Монголын 150 орчим бизнес эрхлэгчид, Польшийн 20 гаруй томоохон компани, банкуудын төлөөлөл оролцсон нь хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх сонирхол өндөр байгааг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын 50 сая еврогийн нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд дэд бүтэц, эрүүл мэнд, хөдөө аж, онцгой байдлын салбарт хэрэгжүүлэх төслүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг монголын тал онцлов. Эдгээр төслийн нэг болох “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг сайжруулах” төсөл амжилттай хэрэгжиж буй бөгөөд дэд сайд М.Ланг 15 ширхэг гал унтраах автомашиныг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөх ёслолд оролцох юм.