ОЛОН УЛСЫН ХОРШООЛЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

A- A A+
ОЛОН УЛСЫН ХОРШООЛЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 8-нд НҮБ-ын төв байранд “Олон улсын хоршооллын өдөр:  Зохистой хөдөлмөр эрхлэлт” сэдвээрх хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын НБДГ-ын Эдийн засаг, нийгмийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо болон гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, түүний давуу чанарыг үр дүнтэй ашиглах асуудлаар ярилцав.

Уг хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, хоршооллын хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулав.

Манай улс хоршооллыг дэмжих олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1992 оноос эхлэн 2 жил тутам санаачлан батлуулж ирсэн.