ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСПАНИЙН ЭЛЧИН САЙД РАФАЕЛ ДЕСКАЛЛАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСПАНИЙН ЭЛЧИН САЙД РАФАЕЛ ДЕСКАЛЛАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаел Дескалларыг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Дескаллар “Интерном” номын дэлгүүртэй хамтран монгол хэлнээ хөрвүүлэгдэж уншигчдын гар дээр очиход бэлэн болсон “Испанийн өгүүллэг, тууж” номын нээлтийн ажиллагаанд оролцох гэж буйдаа баяртай буйгаа илэрхийлэв.

Тэрээр өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, тогтортой хөгжил, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар зөвлөлдсөн саналыг ажил хэрэг болгох, Монгол, Испанийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг энэ оны сүүлчээр Мадрид хотноо зохион байгуулах, Монгол Улсын дипломат албанд испани хэлтэн боловсон хүчин бэлтгэх, оюутан залууст испани хэл суралцах боломж бүрдүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ойрын хугацаанд төлөвлөж буй ажлуудаа танилцуулав.

 

Дэд сайд Б.Батцэцэг  Элчин сайдын дээрх санал, санаачлагуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч, хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.