Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсанаар үргэлжиллээ.
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” хэмээн өөрчлөхөөр төсөлдөө тусгажээ. 1992 онд Үндсэн хуулийг баталж байхад Улсын Их Хурлын нэг гишүүн 25.000 сонгогчийг төлөөлж байсан бол өдгөө манай улсын хүн амын тоо 1.2 саяар нэмэгдэн, нэг гишүүний төлөөлөх сонгогчийн тоо 43.000-д хүрээд буйг З.Энхболд дарга дурдсан. Түүнчлэн Үндсэн хуульд сонгуулийн тойргийн тогтолцооны асуудлыг тусгаснаар сонгуулийн хуулийг дөрвөн жил тутам өөрчилдөг байдлыг хааж өгнө хэмээн төсөл санаачлагч үзэж байгааг уламжилсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал дахь зарим заалтуудыг Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөл дэмжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа илэрхийллээ.

Дараа нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.




















