Шинэжинстийнхэн сумын төр, захиргааны байгууллага иргэдийн хяналтад, улс төрөөс хараат бус ажиллах ёстой гэж үзэж байна

A- A A+
Шинэжинстийнхэн сумын төр, захиргааны байгууллага иргэдийн хяналтад, улс төрөөс хараат бус ажиллах ёстой гэж үзэж байна

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо.

УИХ-аас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон билээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсох үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж яваа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 2-3 парламент дамжиж боловсруулсан төслийг хэлэлцэж эхлээд байна. Олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас ард түмнийхээ засаглах эрхийг хангахын тулд энэ өөрчлөлтийг хийж байна. Хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг иржээ. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш, бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоогоо хангаж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог байхаар оруулсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулт өгөхдөө тодорхой тайлбарлав. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймаг, Засгийн газраа сонсохгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, дураар авирлах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч яригддаг. Ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав. Сумын Засаг даргын хувьд ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөөч гэдэг хүсэлтийг байнга хэлдэг. Үүнийг томруулаад харвал зовлон нь аймагт ч адилхан. Улсын түвшинд харвал Засгийн газарт ч төстэй байдал бий. Манай тогтолцоонд нэгэнт буй болсон гажуудлыг засаж, гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, парламентыг хариуцлагатай, шүүхийг хараат бус, орон нутгийн захиргааг боловсронгуй болгохын тулд, төр засгаас ард олныхоо төлөө ажиллах боломжийг бүрдүүлэх заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн санал нэн чухал болохыг онцлоод, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай хэмээн хүсэв. Шинэжинстийнхэн төслийн зүйл, заалт, түүний ач холбогдол, үр нөлөө болон анхаарах асуудлын талаар өөрсдийн санал бодлоо хэлж, тайлбар мэдээлэл авав. Үг хэлсэн хүн бүр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэлж, сумын төр, захиргааны байгууллагыг иргэдийн хяналтад, олныхоо тусын тулд, улс төрөөс хараат бус ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэдгийг анхааруулж байлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатараас Шинэжинст сумын иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна малчдын тэтгэврийн тогтолцоог сайжруулж, хүнд нөхцөлд тооцуулах, сумандаа шинэ спорт цогцолбортой болох, бэлчээрийн даац, түүний ашиглалт хамгаалалтыг тодорхой хуулиудаар зохицуулах боломжийн талаар асууж тодруулан, хариулт авлаа.