Орон нутгийн замд хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна

A- A A+
Орон нутгийн замд хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг зургаан сараар хасна

Иргэдийн аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна.

Зөвхөн энэ долоо хоногт гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүн нас баржээ. Үүнээс хоёр бага насны хүүхэд амь насаараа хохирч, дөрвөн хүүхэд гэмтжээ.

Тээврийн цагдаагийн алба зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байна. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж осол үйлдэгдсээр л. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарчээ.

Жолооч нар цагдаагийн хяналт байхгүй гэх замуудад замын хөдөлгөөний дүрэм заалтыг мөрддөггүй. Жишээлбэл, хурдаа хэтрүүлж, хамгаалах бүсээ зүүхгүй, шөнийн цагт холын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох нь элбэг. Цагдаагийн алба хаагч нар үүнтэй нөхцөл байдлаа тааруулж гудамж замын хяналт шалгалтаа хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил 21 аймгийн замын цагдаагийн тасаг, хэсгүүдэд зөөврийн хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн нь улсын хэмжээнд хурдыг хэмжих нөхцөл бололцоо хангагдсан юм байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хяналт шалгалт хаана ч байж магадгүй гэсэн үг.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар аймгийн нутаг дэвсгэртээ хөдөлгөөнт байдлаар орчин үеийн дэвшилтэт технологийн 3-4 километрийн зайд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих хүчин чадалтай багажийг ашиглаж байгаа.

Мөн Булган аймаг дах Замын цагдаагийн тасгийн алба хаагчид нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийг түр зогсоон зорчигч, жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулах, жолоочийн нойрыг сэргээж гарыг амраангаа сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэж байна.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ бяцхан хүүхдээ, дотны хүмүүсээ, хайртай гэр бүлээ тээвэрлэж яваа гэдгийг ямагт санаарай. Ганцхан хормын хариуцлагагүй үйлдлээс болж насаараа харамсах нөхцөл байдлыг бүү үүсгээрэй.

Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50,000 төгрөгөөр торгож хоёр оноо хасдаг бол 120 км/цагаас илүү хурд хэтрүүлж оролцвол 50,000 төгрөгөөр торгож газар дээр нь зургаан сараар жолоодох эрхийг хасаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.