Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ

A- A A+
Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ

Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын албанд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ.

Ингэснээр Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өвөрхангай аймгийн Хужирт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах юм.

Мөн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлээд байна.

Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги байгуулснаар хил залгаа 2 аймгийн 5 сумын 5498 иргэнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар хил залгаа 2 сумын 2191 иргэнд, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 4 сумын 2453 иргэнд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 5 сумын 1914 иргэнд, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 8 сумын 3613 иргэнд,  Өвөрхангай аймгийн Хужирт суманд  Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 2 аймгийн 6 сумын 6888 иргэнд, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 6 сумын 2011 иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.