Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс өчигдөр Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.
Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад баяртай байна. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам гүүр, сургууль цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Амарсайхан хэллээ. Мөн хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад, Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн арга хэмжээнд Хөх хотын дарга Фөн Үйжэнийг хүрэлцэн ирэх урилгыг гардуулсан юм.

















