БУЛГАНЫ ЗАЛУУС ХАМТДАА ХӨГЖИЖ, БИЗНЕСИЙН БОЛОМЖОО ХАМТДАА БҮТЭЭНЭ

A- A A+
БУЛГАНЫ ЗАЛУУС ХАМТДАА ХӨГЖИЖ, БИЗНЕСИЙН БОЛОМЖОО ХАМТДАА БҮТЭЭНЭ

Булган аймгийн ЗДТГ-аас 2019 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж сар бүр эвент арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ жилийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар “НЭГ БУЛГАН” залуучуудын чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдээр Булган аймагт болж өндөрлөлөө. Сум сумаас цугласан 500 гаруй залуучууд хөгжлийн гарц, хүсэл мөрөөдөл, итгэл тэмүүлэл, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх, гэр бүл найз нөхөддөө манлайлагч байж, эрүүл зөв8 эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, ажилтай орлоготой шинэ үеийг бүтээж, хамтдаа хөгжихөөр ийнхүү чуулсан юм.

Чуулганыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нээж, “Бахархал манлайлал” сэдвээр аймгийн Засаг дарга З.Батзориг, “Хандлагаа өөрчилж идэвхитэй амьдаръя” сэдвээр “Хадгаламж өлсөхөөс эхлэнэ” номын зохиогч Г.Мөнгөн, “Оролцвол өрнөнө” илтгэлийг “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн захирал М.Энхбадрах нар тавилаа.

Үдээс хойших “Шинэ хөдөө-Бизнесийн боломж” салбар хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ илтгэл тавьж панелистаар, мөн БСШУ-ны сайдын зөвлөх, ХАА-н доктор, судлаач М.Найданхүү, аймагтаа жишиг хоршоо байгуулж залуучуудаа манлайлан яваа бизнесмен Энх-Эрдэнэ нар залуучуудын сонирхсон асуултад хариулж, өөр өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцлаа.

Үдээс хойших хоёр салбар хэлэлцүүлгээс тус бүр  Уриалга, хүсэлт, хийх ажил гэсэн гурван дүгнэлтийн хүрээнд залуучууд өөрийн гэсэн хадгаламжтай болж орлогоо хуримтлуулах, эерэг хандлагыг өөрөөсөө эхэлж, аливаад бүтээлчээр хандах, сурч судлах, бизнесийн хүрээнд хамтарч нэгдэх, хамтдаа хөгжих гэсэн уриалгыг гаргаж, шинийг сурч, туршлага судлахад дэмжиж өгөхийг орон нутгийн удирдлагаасаа хүслээ.

Залуучууд байгаа газар зорилго тэмүүлэл, итгэл зүтгэл, дуу хуур, инээд хөгжөөн өрнөдөг тэр л зарчмаар сумдын залуучуудын урлагын мэндчилгээ, бүжиг наадам, шагнал урамшууллаар үдшийн шоу үргэлжилсэн. Нэр нь тодроогүй, олонд танигдаагүй жинхэнэ авьяастнууд тэнд л байна. Нуулгүй хэлэхэд Улаанбаатараас зорьж очсон бидний хэдэн нөхөд сэтгэл хөдөлж тэдэнтэй хамт 2 гараа өргөн бүжиглэж их хотын стрессийг марттал бүжиглүүлсэн тэр сайхан авьяастнуудад талархал илэрхийлье. Гэхдээ тэнд архи дарс, согтуу залуус бүр ч байсангүй. Бас л нэг соёл, бахархал, зөв хандлага гэж хэлж болно…

Залуучуудын өдөрлөг хоёрдох өдрөө “Өв соёл”  арга хэмжээгээр үргэлжилсэн.

Айрагтай, адуутай, анхдагчдын өлгий болсон Булган нутгийнд бусдаас илүүрхэх олон сайхан үүх түүх, өв соёл, үндэсний, нутгийн уламжлалт наадмууд олонтой гэдгийг энэ үеэр харуулсан, бас сануулсан, сэргээж хөгжөөсөн энэ өдрийг өв уламжлал, бахархлын наадам гэж хэлчихэд буруудахгүй байх.

Сур харваа, шагайн харваа, шилдэг уургачин шалгаруулах, дэмбээ, хуруудах, урлаг соёлын наадам гээд энэ өдөр залуус өв соёл үүх түүхээрээ гайхуулсан, бахархсан…

Үүнийг зөвхөн залуучуудын хүрээнд биш Булган нутгийн брэнд өв уламжлалын наадам болгож гадна дотны жуулчдыг татах эвент болговол гэсэн санаа төрж байсныг нуух юун.  

Булган аймаг 19000 залуучуудтай, энэ нь тухайн аймгийн өрхийн тоотой тэнцүү гээд үзвэл насны ангиллаараа зонхилох хувийг залуучууд эзэлдэг байна.

Аливаа улс орны хөгжил залуучууд давамгайлсан  буюу хөдөлмөрийн насны иргэд нь олонхи болсон энэ үеийг Цонх үе хэмээдэг бөгөөд энэ л үе дээр улс орнууд эрчимтэй хөгждөг байна.

Тэгвэл  Булган аймгийн хувьд ч залуучуудаа дэмжиж, аймаг орон нутаг, улс орондоо манлайлагч байж хөгжлийн түүчээ нь байх энэ үеийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ онцлон дурдаж энэ хөгжлийг аймагтаа, эх орондоо авчрах гол үе нь өнөөдөр юм, залуучууд та нар юм гэдгийг онцлон дурдсан юм. Тэрээр мөн Шинэ хөдөө төслийн хүрээнд хүртээмжтэй бизнес санаагаа залуус маань ярилц хөгжүүл, хамтраад төслөө аваад ир. Гол нь ярих биш хийе бүтээе гэсэн эрмэлзлэлтэй, тэр нь эзэнтэй байх нь чухал. Тэгвэл бид дэмжье, гарцыг нь заагаад өгье. Гол нь та нарын хичээл зүтгэл, санал санаачилга чухал юмаа хэмээн залуучууддаа дахин дахин сануулсныг сурвалжлагынхаа төгсгөлд онцолж байна.