Өнөөдөр Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно

Өнөөдөр Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр буюу наймдугаар сарын 28-ны өдөр 12:00-14:00 цагт Хүй долоон худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм.

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн "Русские Витязи" буюу "Оросын Баатрууд" баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6ш Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукерсын агаарын шоуд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд 2 удаа очиж байсан байна.

Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин Су-27 сөнөөгч онгоцуудаа цоо шинэ Су-30СМ сөнөөгч онгоцоор сольсон байна.

Мөн Алдар спорт хорооноос Хүй долоон хутагт бэсрэг наадам зохион байгуулж, 64 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан.

Цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтынхан маань тус тусын үүрэг чиглэлээ авч хяналт тавьж ажиллана. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд жишиг сум байгуулагдаж байгаа. Нээлт нь есдүгээр сарын 3-ны өдөр болно.

Баярын үйл ажиллагаатай холбогдуулан өнөөдөр Офицеруудын ордон, Таван шар, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдаас Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчлэх юм.