МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

A- A A+
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д айлчилсан бөгөөд айлчлалын хүрээнд Монгол, Беларусийн Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт 9 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНБУ-ын Гадаад харилцааны дэд сайд А.В.Дапкюнас нар хоёр талаас тэргүүлэн оролцов.

Монгол Улс БНБУ-ыг уламжлалт найрсаг харилцаатай, чухал түнш орон хэмээн үздэг бөгөөд уг харилцааг шинэ агуулгаар баяжуулахыг эрмэлзэж байгааг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглээд цаашид хоёр тал хамтын ажиллагааг илүү бодитой болгох талаар санал солилцож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээсэн экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжуудын талаар ярилцав. Мөн талууд хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах нь чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нийлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад харилцан бие биенээ дэмжиж ирсэнд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.