Монголын үйлдвэрлэгчид экспортын судалгаа хийж байна

Монголын үйлдвэрлэгчид экспортын судалгаа хийж байна

 

“Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Монголын үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдан борлуулж,  экспортлох боломжийг судалж байна. Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Хятадын талаас ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Монголын талаас ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, УУХҮЯ, МҮХАҮТ ажиллаж байгаа юм. Энэ удаагийн Монгол улсын дүр төрхийг харуулахдаа Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилсон. Энэ нь  зөвхөн нэг чиглэлийн дагнасан бүтээгдэхүүний бус уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэсэн 3 чиглэлийн  бараа бүтээгдэхүүний Монгол улсаас томоохон үйлдвэрлэгч  50 гаруй аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан уг үзэсгэлэнд оролцож байгаа юм. Тус үзэсгэлэнг зохион байгуулагч талууд “Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү “”Монгол улсын дүр төрхийн үзэсгэлэн”-г хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна хэмээн үнэллээ. 2015, 2017 онд “Монгол, Хятадын Экспо” 2 удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор нийт 700 орчим аж ахуйн нэгжийг оролцуулж, 2.28 тэрбум юань-ийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт, бичгийг байгуулан хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүд өнгөрсөн 2 удаагийн үзэсгэлэнд нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна.