Шувуу хамгааллын өдөрлөг боллоо

A- A A+
Шувуу хамгааллын өдөрлөг боллоо

Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа боллоо.

Өдөрлөгийн үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятадын нутагт өвөлждөг нүүдлийн шувууд, мөн бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, мөн шувуу ажиглах аяллыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Өдөрлөгийн үеэр шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож шувуу ажиглах, шувуу тодорхойлох, гэрэл зураг авах, шувуутай холбоотой багаж, тоног төхөөрөмжийг танилцуулах, гар болон гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдүүдэд зориулсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.  

Монгол орны газар зүйн бүс, бүслүүрээс хамааран шувуудын тархац харилцан адилгүй байдаг бөгөөд манай орны хойноос урагшлах тусам зүйлийн тоо цөөрдөг. Монголчууд шувуу хамгаалах баялаг уламжлалтай хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтол, өндөр хүчдэлийн шугамд цохиулах зэрэг олон шалтгаанаар цөөрч байна. Манай орны шувуудын популяцын хандлагыг 2000 онтой харьцуулахад шувууны нийт зүйлийн  64.9 хувь нь тоо толгой тогтвортой, 31 хувь нь тодорхойгүй, дөрвөн хувь нь цөөрөх хандлагатай, 0,1 хувь өсөх магадлалтай гэсэн үнэлгээ гарсан байдаг. Одоогоор Монгол оронд 513 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс таван хувь өвөл орж ирдэг, 10 хувь тохиолдлоор таардаг, 11 хувь нь суурин, 33 хувь нүүдлийн үрждэг, 41 хувь нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг шувууд байна. Эндээс үзэхэд Монгол орны шувуудын 80 гаруй хувь нь нүүдлийн шувууд байна. Үүний шалтгаан нь Монгол орон дэлхийн шувууны нүүдлийн гурван (Зүүн Ази-Австралази, Төв Ази болон Баруун Ази) зам дээр байршдаг явдал юм. Иймд шувуу хамгааллын ажлыг бүс нутгийн улс орнуудтай хамтран явуулах нь илүү ач холбогдолтой байдаг. Нийслэлийн нутаг дэвсгэрт 227 зүйл шувуу бүртгэгдсэнээс өвөлждөг 41 зүйл, нэн ховор 42 зүйл, ховор 69 зүйл, элбэг 42 зүйл, ердийн 71 зүйл шувууд байна.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР