“Монголчууд: уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын бага хурлын нээлт болов

A- A A+
“Монголчууд: уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын бага хурлын нээлт болов


“Монголчууд: уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаа 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр Москва хотын Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн төв байранд болов.

Бага хурлын үйл ажиллагааг нээж Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн Ардын аман зохиолын төрөлжилт, дүрслэлийг судлах төвийн эрдэм шинжилгээний удирдагч С.Ю.Неклюдов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар үг хэлэв.

Энэхүү хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгааг профессор С.Ю.Неклюдов хэлсэн үгэндээ дурдаад “Оросын Хүмүүнлэгийн их сургуульд өнгөрсөн зууны 90-ээд оны дундаас монгол хэлний мэргэжилтэн бэлтгэхийн сацуу монгол судлалыг хөгжүүлж” ирснийг онцолжээ. Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Монгол Улсын төр, засгаас Монгол судлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэрүүдийн, тухайлбал “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн зорилт, хэрэгжилтийн явцын талаар товч мэдээлээд “Эдгээр шийдвэр нь монгол судлалыг дэмжин хөгжүүлэх Монгол төрийн бодлого тогтвортой, залгамж холбоотой байгаагийн тодорхой баталгаа юм” хэмээн тэмдэглэсэн байна. Харин Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү “энэхүү олон улсын хурал нь талуудын хамтын ажиллагааг харилцааны бүх салбар, чиглэлд эрчимжүүлэх, хөгжлийн шинэ шатанд гаргах үндэсийг бий болгож буй “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд хоёр орны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж, тунхагласан түүхэн үйл явцын дараахан болж” байгааг онцлов. 

Гурван өдрийн турш зохион байгуулагдах энэхүү хурлыг Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн Ардын аман зохиолын төрөлжилт, дүрслэлийг судлах төв, “Эдийн засгийн дээд сургууль” Үндэсний судалгааны их сургуулийн Эртний болон сонгодог дорно дахин судлалын хүрээлэн, Эстони Улсын Тартугийн их сургуулийн Эстони болон харьцуулалтын аман зохиолын тэнхим, Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн зэрэг байгууллагууд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа ажээ.

Хуралд Москва, Санкт-Петебург, Улаан-Үүд, Элиста хотууд дахь Монгол судлалын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн, түүнчлэн Москвагийн Улсын их сургууль, Монгол Улсын их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи зэрэг Монгол, Оросын тэргүүлэх их сургуулийн, Польш, Франц, Швейцарь, Хятад, Эстони, Чех зэрэг орнуудын эрдэмтэн монгол судлаачид оролцож байгаа бөгөөд нэгдсэн болон 6 салбар хуралдаанаар нийтдээ 40 шахам эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэх юм байна. 

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам