ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАЙКЛ ХИГГИНСТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

A- A A+
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАЙКЛ ХИГГИНСТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

 

Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны есдүгээр сарын 13-ны өдөр барив. Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын ажиллагаанд Ирландын Ерөнхийлөгчийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Конор Рагхалайх, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ниаль Бургесс зэрэг албаны хүмүүс байлцав.

Ирланд Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Элчин сайд Н.Тулга хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа улс төрийн салбар дахь найрсаг харилцаан дээр тулгуурлан худалдаа, эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэв.

Ирландын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам