ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле малчдын төвшинд өвс тэжээл бэлтгэлийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

A- A A+
 ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле малчдын төвшинд өвс тэжээл бэлтгэлийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Баянхонгор аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг хуралдуулан, явцын талаар мэдээллийг сонсож үүрэг чиглэл өглөө. 

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл, малын гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоо, үлийн цагаан оготнын тархалт, усан хангамж цэвэрлэх байгууламжийн хүрэлцээ хангалтгүй болж, утаа агаарын бохирдол нэмэгдсэн, эрчим хүчний чадлын дутагдал үүссэн талаар танилцуулсан юм. Энэхүү хуралдааны үеэр орон нутгийн төсвөөс 115 сая төгрөг зарцуулж, малын гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

937,8 мянган мал борлуулж, 21940 тн мах бэлтгэнэ

Баянхонгор аймаг оны эхний мэдээгээр 4249,4 мянган мал тоологдсон. Үүнээс энэ онд урьдчилсан мэдээгээр  25140 толгой мал хорогдож, 1955,1 мянган хээлтэгч малаас 1223,2 мянган төл бойжуулснаас 21763 төл зүй бусаар хорогдсон.

Зах зээл, хүнсний хэрэгцээнд оны эхэнд тоологдсон малын 22 орчим % буюу 937,8 мянган мал борлуулж, 21940 тн мах бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна

Аймаг дундын отрын бүс нутаг “Бор Аргалант”-д Бууцагаан сумын 13 өрхийн 18,2 мянга, Баянцагаан сумын 10 өрхийн 8,5 мянган мал өвөлжих тооцоо гарсан. Ихэнх малчин өрх отор нүүдлээр гадагшаа явахгүй өөрийн сум, орон нутагт өвөлжих буюу  11897 малчин өрхийн 6840,7 мянган мал өвөлжих урьдчилсан төлөв гарсан байна.

Баянхонгор аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарлаа. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур ихтэй, зуншлага сайн, харин говийн нутгаар 7 дугаар сарын сүүлчээс зуншлагын байдал дээрдсэн. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон. Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Богд, Жинст сумын ихэнх нутгаар  бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Баянхонгор аймаг, сумын өвс тэжээлийн нөөц 42,3% байна

 Баянхонгор аймаг аймгийн нөөцөд өвс 250 тн, тэжээл 80 тн, сумын нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн, малчин өрхүүд хонин толгойд шилжүүлсэн мал тутамд  өвс 3 кг, тэжээл 1 кг бэлтгэх төлөвлөгөөтэй байна. “Хонгор шинэ агро”  ОНӨҮ-ийн газар Сэлэнгэ аймгийн Орхонтуулд хадланд гарч 100 тн өвс, Жаргалант сумын “Хун толгой” хоршоо өөрийн сум орон нутагт нийт 100 тн овьёос, арвай, өвс бэлтгэсэн. Сумдын нөөцөд өвс 344,7 тн, Тэжээл 183,2 тн, малчин өрхүүд өвс 2210,5 тн, тэжээл 141,9 тн, хужир, шүү 445,8 тн, аймаг, сумын өвс тэжээлийн нөөц 42,3%, малчдын бэлтгэсэн өвс тэжээл 18,9 %-тай  бэлтгэгдсэн байна.

Ургац хураалт 65,1 хувь байна

2019 онд нийт 681 га талбайд 17 ААН, хоршоо, 265 иргэн тариалалт хийж, ургац хураалтын явц 65,1 хувь байна. 443 га талбайгаас 2394,2 тн ургац хураа авчээ. Үүнд төмс 153,6 га-аас 1351 тн, хүнсний ногоо 101 га-аас 550 тн, тэжээлийн ургамал 181 га-с 418,1 тн, үр тариа 0,3 га-аас 0,5 тн, жимс жимсгэнэ 7,1 га-аас 74,6 тн тус тус хураан авчээ. 10-р сарын эхний 10 хоногт багтаан ургац хураалтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, малчдын төвшинд хадлан тэжээл бэлтгэн татан авалт хийх, орон нутгийн махны нөөцийг бүрдүүлж, 11 сард “Идэш” арга хэмжээнд Баянхонгор аймгаас 1000 гулууз мах бэлтгэн нийлүүлж дайвар бүтээгдэхүүнийг борлуулах, арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо.