FALLING WALLS LAB MONGOLIA – ЭРДЭМ, ШИНЖИЛГЭЭНИЙ ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
FALLING WALLS LAB MONGOLIA – ЭРДЭМ, ШИНЖИЛГЭЭНИЙ ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Берлиний хана нурсны 30 жил, Falling Walls Accociation үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Falling Walls Lab Mongolia” форум Монголд анх удаа 2019 оны 10 сарын 4-нд Гадаад Харилцааны Яаманд амжилттай зохион байгуулагдлаа.

Шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авъяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий “Falling Walls Lab” форум нь эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хэн бүхнийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа 3 минутын дотор багтаан бусдад танилцуулах боломжийг олгодог юм.

“Falling Walls Lab Mongolia” форумд оролцсон залуу эрдэмтэн, судлаачдаас МГТИС багш З.Ууганбаатар “Breaking the Wall of Wind and Mind” сэдэв бүхий шинэлэг санаагаараа 1-р байрын шагналыг хүртэн 11 сарын 8-нд Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Falling Walls Lab Finale”-д орон орны 100 үндэсний ялагчтай өрсөлдөх болов. Дэлхийн нэр хүндтэй “Falling Walls Conference”-д оролцох ба тус хуралд дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж, “Which are the next walls to fall?” буюу “Дараагийн нурах хана хаана вэ?” асуудлаар хэлэлцэнэ. Олон Улсын “Falling Walls Lab Finale” форумын нэг ялагч “Falling Walls Conference”-д өөрийн шинэлэг санааны талаарх илтгэлээ дахин танилцуулж, мөнгөн шагнал хүртэнэ. Үндэсний ялагчийн аяллын зардал болон 11 сарын 07-оос 09-ний хооронд Берлин хотод байрлах зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна. Олон улсын бүх Лаб-финалистууд “Falling Walls Conference”-д сонсогчоор оролцох эрхийг эдлэх юм.

Форумд Филиппин улсаас ирж оролцсон Cardinal Health International Philippines байгууллагын Regulatory Sciences Department-ын дарга Emmanual C.Damian “Breaking the Wall of Fast Fashion” төслөөр2-р байр, МГТИС-ийн багш Р.Нямдулам “Breaking the Wall of Light Emission” төслөөрөө 3-р байрыг тус тус эзэллээ.

Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль”, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, хэвлэлийн түншээр Монголиан Экономи, business.mn хамтран ажиллав.