БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД МОНГОЛБАНКНЫ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ ОЛГОНО

A- A A+
БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД МОНГОЛБАНКНЫ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ ОЛГОНО

Монголбанк Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд орон нутагт буй оюуны чадавхийг эрт нээн илрүүлж, хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бүсийн математикийн олимпиадыг Монголын математикийн олимпиадын хороотой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Монголын математикийн олимпиадын хорооноос 21 аймгийн газар нутгийн байдал, өрсөлдөх чадвар зэргийг харгалзан 4 бүсэд хувааж, бүсийн олимпиадыг 10 дугаар сард улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулдаг болоод  5 дахь жилтэйгээ золгож байгаа юм.

Цаашид бүсийн математикийн олимпиадыг тогтвортой явуулах, нэр хүнд, ач холбогдол, цар хүрээг өргөтгөх чиглэлд Монголбанкнаас хамтран ажиллах бөгөөд бүсдээ тэргүүлсэн аймагт “Монголбанкны Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом” олгохоор болов.

Бүсийн математикийн 5 дугаар олимпиад энэ сард улс орон даяар зохион байгуулагдах бөгөөд уг үйл ажиллагааг угтан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр Монголын математикийн олимпиадын хорооны тэргүүлэгчдэд Монголбанкны батламж гардуулж, амжилт хүслээ.