Монгол Улс БНХАУ-тай Хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа

A- A A+
Монгол Улс БНХАУ-тай Хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын III уулзалт 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болж өнгөрлөө.

Уулзалтад Монголын талыг төлөөлж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Улсаас Бээжин хотноо суугаа Элчин сайдын яам болон үүрэн холбооны Мобиком, Юнител компаниуд, БНХАУ-ын талыг төлөөлж Мэдээлэл, технологийн аж үйлдвэрийн яамны харьяа Радио зохицуулалтын товчоо, Радио хяналтын улсын төв, Үндэсний радио давтамжийн менежментийн судалгааны байгууллага, Өвөр монгол, Гансу, Шинжьян мужийн салбар байгууллагууд болон үүрэн холбооны операторууд оролцов.

Уулзалтаар талууд хил орчмын бүс нутаг дахь радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, бодлого зохицуулалтын талаар танилцуулж, IMT системийн радио давтамжийн ашиглалтыг үр ашигтай зохицуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн хил орчмын радио давтамжийн ашиглалтад хийсэн хяналтын үр дүнг танилцуулж, цаашид харилцан нөлөөлөлгүй ашиглах талаар санал солилцлоо. Талууд Бүгд Найрамдах Египет Улсад удахгүй болох Дэлхийн радиогийн Их хурлаар хэлэлцүүлэх хамтарсан саналын талаар байр сууриа илэрхийлэв.

Цаашдын хамтын ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрч, хил орчмын бүс нутаг дахь радио давтамжийн зурвасын зохицуулалтын анхны гэрээнд гарын үсэг зурсан явдал нь радио давтамжийн хилийн бүсээ баталгаажуулахад чухал алхам болсон. Ингэснээр Монгол Улс нь БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээг үзэглэсэн хоёр дахь улс болж байгаа юм.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар